
Бразилийн домогт хөлбөмбөгчин Пелегийн 2006 онд өвчнөөр насбарсан охин Сандра Регинагийн хүү болох 13,15 настай ач нь өвөөгөө шүүхэд өгчээ. Тэд тус бүр зургаан мянган ам.долларыг эрүүл мэндийн даатгал, боловсролд зориулан өөрсдөд нь өгөх ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Пеле ач нартайгаа уулзахаас татгалздаг бөгөөд хамгийн сүүлд 2011 онд харсан аж. Шүүхээс дээр дурдсан хоёр хүүд 760 ам.доллар өгөх тогтоол гарсан ч эцсийн шийдвэрийг ирэх сард гаргах гэнэ.
Сандра Регина нь Пелегийн гэр бүлээс гадуур төрсөн охин юм. Сандра олон жил шүүхээр явж, цусны шинжилгээ өгсний эцэст домогт хөлбөмбөгчний охин гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Пеле охинтойгоо дотно харилцаагүй байсныг Сандрагийн бичсэн “Хааны хүсээгүй охин” номын нэрээс нь л харахад тодорхой.
Эдсон Арантис ду Нисмент буюу Пеле энэ сарын 21-нд 73 нас хүрнэ. Дэлхийн гурван удаагийн аварга. 1990 оны сүүлээр Бразилийн аялал жуулчлал, спортын сайдын алба хашиж байсан. Мөн киножүжигчин, тайлбарлагч, бизнесмэн, өөрийнхөө зохиосон дууг дуулах дуртай нэгэн билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ