20 жилд 70 тэрбум ам.долларын экспорт хийх боломж бүрдэв
2013-10-30

Уул уурхайн яам геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа сар бүр олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. 10 дугаар сард геологичид 74 жилийн ойгоо тэмдэглэсэн болон нүүрсний салбартай холбоотой олон үйл явдал болж өнгөрсөн талаар хурлын үеэр танилцууллаа.

6

Шинээр батлагдсан хууль хөрөнгө оруулалтыг татна гэв

УИХ-аар уул уурхайн салбартай холбоотой гурван хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа билээ. Тухайлбал, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд хэлэлцэж, энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газарт дээрх хуультай холбоотой судалгааны ажлууд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор “урт нэртэй” хуулийн хэрэгжилттэй танилцахаар ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллаж байгаа аж.

6

Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинтой холбоотойгоор манай улсад орж ирэх гадны шууд хөрөнгө оруулалт эрс буурсан. Иймээс Европын холбооны улсаас Монголд суугаа 25 улсын элчин сайдтай уулзжээ. Энэ үеэрээ УИХ-аас саяхан батлагдсан ”Хөрөнгө оруулалтын тухай”, хэлэлцэгдэж байгаа “Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлого”, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл”, “Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Харин элчин сайд нар манай улстай хөрөнгө оруулалт, томоохон төслийн худалдан авалт, сүүлийн үеийн шилдэг техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн шинээр батлагдсан хууль хөрөнгө оруулалтыг татна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

6

Нүүрсний татварын орлогын гүйцэтгэл 53 хувьтай байна

Салбарын яамнаас гаргасан статистик мэдээллээс үзэхэд энэ оны эхний есөн сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 542.4 мянган тонн буюу 77 хувь, молибдений үйлдвэрлэл 2.777 мянган тонн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл 81 хувьтай байгаа аж. Нүүрсний үйлдвэрлэлийн тухайд 19.7 сая тонн буюу 76 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 178.2 тэрбум төгрөг буюу төлөвлөгдсөнөөс 53 хувьтай байгаа судлагаа гарчээ.

6

Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж, 194 хувийн буюу 6985.1 кг-ийг олборлосон байна. Тус үнэт металлын татварын орлогын гүйцэтгэл нь 165 хувийн биелэлттэй байгаа аж. Төмрийн олборлолт 60 хувьтай, цайрын үйлдвэрлэлт 194 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэсэн мэдээ гарсан байна.

6

2016 онд гэр хорооллыг хийн түлшээр хангана  

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчлал хийсэн билээ. Энэ үеэр уул уурхай, газрын тосны салбарын хэмжээнд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дунд урт хугацааны хөтөлбөрийг үндэслэн гурван баримт бичигт байгууллагын төлөөлөл гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн нэг нь Уул уурхайн яам, Хятадын газрын тос-химийн корпорацийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах тухай байлаа.

6

Уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр манай улс дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ Хятадын зах зээлд борлуулах зорилготой юм. Энэхүү үйлдвэр эхний ээлжинд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Үүний тулд жилдээ 50 орчим сая тонн буюу одоогийн ханшаар тооцоход 1 тэрбум орчим ам.долларын үнэтэй хүрэн нүүрс ашиглах юм байна. Манай улс хүрэн нүүрсээ гүн боловсруулалтад оруулснаараа байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ экспортын орлогоо нэмэгдүүлэх давуу тал бий болох аж. 2016 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг үйлдвэрлэсэн хийн түлшийнхээ 10 орчим хувиар хангахаар төлөвлөжээ.

6

Хийн түлшнээс гадна манай улсын Хятадад нийлүүлэх нүүрсний экспорт өмнөх жилүүдээс буураад байсан. Иймээс манай улсын нүүрсний экспорлогчид Хятадын “Шинхуа Энержи” компанитай 20 жилийн турш нэг тэрбум хүртэлх тонн нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Уг нүүрсийг өнөөгийн ханшаар тооцоход, 20 жилд 50 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийгдэх аж. Мөн зах зээлийн нөхцөлтэй уялдан олон улсын зах зээлд гаргах боломжийг талууд хамтран судлахаар болсон юм.

6

Ийнхүү манай улс жилд дунджаар 50 сая тонн нүүрс экспортлохын зэрэгцээ мөн энэ хэмжээний хүрэн нүүрсийг хий болгон ашигласнаар 20 жилд нийтдээ 70 орчим тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулах боломж бүрджээ.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин