Зөөлөн дэд бүтцийн талаар зөвлөлдөнө
2013-11-08

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын санаачилгаар Монголд анх удаа зохион байгуулагдаж буй програм хангамж үйлдвэрлэлийн салбарын чуулганы талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Монгол ухаан-Монгол брэнд” уриан дор болох уг чуулган энэ сарын 11-нд Туушин зочид буудалд болох юм. Програм хангамжийн компаниуд, төрийн байгууллагуудын мэдээлэл технологийн мэргэжилтэн, их дээд сургуулийн багш судлаач зэрэг 350 төлөөлөгч оролцох чуулган гурван салбар хуралдаанаас бүрдэх аж. Програм хангамжийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт ба санхүүжилт, зах зээл, өрсөлдөх чадвар гэсэн гурван хэсэгт хуваагдах чуулганы гол зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож, өргөжүүлэх юм байна. Энэ үеэр таван хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Тухайлбал, Хөдөлмөрийн яамтай жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан програм хангамж үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр, БШУЯ-тай салбарын хүний нөөцийг бэлтгэх асуудлаар санамж бичиг үзэглэх аж. Мөн арилжааны банкуудтай бизнесийн зээлийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах саналыг баталгаажуулахаар төлөвлөжээ. Чуулгын үйл явцыг зөвхөн оролцогчдоор хязгаарлахгүй гэнэ. Сонирхсон хүмүүс www.facebook.com/chuulgan.mn, твиттерын  #chuulgan гэсэн хаягуудаар санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултаа асуух боломжтойг зохион байгуулагчид хэлж байна.

1

Хэвлэлийн хурлын үеэр Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч В.Буянмөнхөөс салбарын талаар зарим зүйлийг тодруулсан юм.

1

-Манайд хэрэглэгдэж байгаа програмуудын хэдэн хувийг дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн эзэлдэг вэ?

-Ямар төрлийн програм хангамж гэдгээсээ шалтгаална. Оффисын хэрэглээ 100 хувь гадных байна. Санхүүгийн програм хангамжийн ихэнх нь Монгол компанийх. Харин сүүлийн үед манай компаниуд өндөр бүтээмжтэй системийн хөгжил рүү орж эхэлж байна.

1

-Энэ салбарын зах зээл хэр нээлттэй вэ. Цөөнгүй компани үйл ажиллагаа явуулж байгаа учраас өрсөлдөх чадварын тухай ярих хэрэгтэй байх?

-Ихэнх компани вэб, санхүүгийн програм чиглэлээр ажиллаж байгаа учраас энэ төрөлд өрсөлдөөн бий болсон. Нөгөө талаар  уул уурхайн шийдэл гэх мэт том зүйл рүү  орох гэхээр харилцагч нар биднийг туршлагагүй, хүний нөөц дутмаг байна гэдэг. Тэдний тавьж байгаа шаардлагыг бид хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр жижиг IT компаниуд нэгдэж консорциум болох байдлаар эхний туршлагыг бий болгож, түүнийгээ бусад харилцагч нарт түгээх хэлбэрээр ажиллана. Тэгэхээр бидний зах зээл тэлнэ. Үүнээс гадна өрсөлдөх чадварт яригдах бас нэг асуудал нь боловсон хүчин.

1

-Хүний нөөц дутмаг гэхээр хангалттай хэмжээний боловсон хүчин бэлтгэгдэхгүй байна гэсэн үг үү. Эсвэл чанарын тухай яригдаж байна уу?

-Сургууль төгсч ирж байгаа боловсон хүчний чадавх муу. Төгсөөд ирсэн хүүхдийг дахин зургаан сар сургаж ажлын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгодог. Манай салбарын нэр хүнд бусад салбарт дарагдаад байна. 2000 оны эхээр ЕБС төгсөгчдийн нэлээд сайн сурлагатай хүүхдүүд нь мэдээллийн технологи руу ордог байсан бол тэд сүүлийн дөрөв, таван жил дандаа барилга, уул уурхай чиглэл рүү явдаг болсон. Мэдээлэл технологийн чиглэлээр төгсөгчид шаардлага хангахгүй байгаа нь үүнтэй ч холбоотой.

1

-Манай компаниуд өөрийн бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулахад хэр анхаардаг вэ?

-Оюуны өмчөөр баталгаажуулах асуудал нээлттэй. Гэвч манай салбарын компаниуд ач холбогдлыг нь сайн ойлгохгүйгээс тоодоггүй. Энэ асуудлыг бид чуулган дээр нэлээд өндөр түвшинд ярилцах юм.

1

В.Бат

Shuud.mn
Сонин хачин