Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар багийн нутаг, Сэлэнгэ мөрөнд өчигдөр УНН-7070 улсын дугаартай “Тоёото Ланд круйзер-200” маркийн автомашин гол руу цөмрөн оржээ. “Улаанбаатар-Мөрөн” чиглэлд явж байсан уг машины зорчигчид азаар эсэн мэнд гарцгаажээ.
Голын мөс рүү цөмрөн орсон ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын албан хаагчид цаг алдалгүй очиж татаж гаргасан байна. Осолдсон машин голын эргээс 10 метрийн зайд урд хоёр дугуйн хэсгээрээ урд хэсгээрээ цөмөрч орсон байжээ.