“Телемедициний үндэсний сүлжээ”-нд 17 аймаг холбогдлоо
2013-11-15

 

Телемедициний технологи, тоног төхөөрөмж болон эмч эмнэлгийн мэргэжилтний лицензийн шалгалтын программ хангамж хүлээн авах арга хэмжээ өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо. Уг уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл болон бусад холбогдох хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга нар цахим хэлбэрээр уулзалтад оролцсон юм. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал нийт хуралд оролцогчидод хандан үг хэлэхдээ, Телемедициний сүлжээнд бүх аймгийн эрүүл мэндийн нэгдлүүдийг холбож буй нь их ач холбогдолтой юм. Өвчтөний эмнэлэг хооронд шилжүүлэх чирэгдлийг арилгахад уг тоног төхөөрөмж их ач холбогдолтой юм. Манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй хүн ард нь тархан суурьшсан ийм нөхцөлд иргэд эмнэлгийн тусламж авахдаа цаг хугацаа болоод хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй тулгардаг. Харин телемедмициний технологиор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэд орон нутгаасаа эмчилгээ, оношилгооны зөвлөгөө авах, чирэгдэл, хүндрэлгүйгээр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, чанартай авах боломж бүрдэж байна. Энэхүү технологи эрүүл мэндийн салбарт хөгжлийн онцгой боломжийг олгож байгаа нь нилээн ач холбогдолтой юм. Цаашид уг тоног төхөөрөмжийг үйл ажаиллагаандаа тогтмол хэрэглэж хэвшүүлэх, үр ашгийг нь гаргахад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа. 2013 оны 9 дүгээр сард ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Японы ядуурлыг бууруулах сан болон Азийн Хөгжлийн Банкны “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах” төсөлтэй хамтран Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудийн нэгдсэн эмнэлэгт телемедициний тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр уг мэдээллийн технологийг ашиглан алслагдсан орон нутгийн иргэдэд цаг хугацааны хүлээгдэлгүй, эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрджээ. Түүнчлэн телемедициний технологийн тусламжтайгаар эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах зайн сургалтыг хийх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтыг цахим хэлбэрээр ил тод нээллтэй, түргэн хугацаанд явуулах, мөн уг сүлжээнд холбогдсон нийт байгууллагуудын хооронд мэдээ мэдээлэл солилцох, туршлага судлах, зөвлөгөө авах зэргээр цахим хурлыг зохион байгуулах боломж нээгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тусгай мэргэжлийн найман төв, гурван төв эмнэлэг, дөрвөн бүсийн оношилгоо эмчилгээний төв, 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн нэгдсэн эмнэлэг “Телемедициний үндэсний сүлжээ”-нд холбогджээ. Энэхүү эрүүл мэндийн мэдээллийн технологийг нэвтрүүлснээр хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын байрнаасаа мэргэжил, боловсролоо дээшлүүлж, шинээр гарч буй оношилгоо, эмчилгээний шинэ арга барил, технологийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой болж байна. Мөн нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө тусламжыг нэн даруй авч, өвчтөн үйлчлүүлэгчиддээ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх юм. П.Наран

Shuud.mn
Сонин хачин