Д.Балдан-Очир: Урт нэртэй хуульд хандаж байгаа засгийн газрын хандлага таалагдахгүй байна
2011-01-12

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.

- Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн ком­паниудын лицензийг цуцалсан. Үүнээс болж арилжааны бан­кууд ганхана гэж эдийн засаг­чид үзэж байгаа. Эдийн засагч хүний хувьд та энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ? - Ер нь тийм нөхцөл байдал үүснэ. Учир нь сүүлийн 20 жил “Алт” хөтөлбөр хэрэгжиж арилжааны банк, алтны уурхайн хооронд бие биенээ дэмждэг арга барил тогтчихсон байсан. Ашиглалтын лиценз болон ирээдүйд орж ирэх орлогыг нь барьцаалан арилжааны банкууд алт олборлож байгаа уул уурхайн компаниудад зээл олгоод 10 гаруй жил болж байна. Урт нэртэй гэгдэх Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд лиценз авсан компаниудын эрхийг  түдгэлзүүлсэн. Засгийн газар хуулийн хүрээнд байгаль, экологио хамгаалах зорилгоор тэдний үйл ажиллагааг зогсоосон. Харин тухайн компанийн хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг нарийн тооцоод нөхөн олговор олгохоор хуульд заасан.

Ийм шийдвэр гаргаж байгаа нь УИХ, Засгийн газарт аль, аль талдаа оновчтой биш. Байгаль хамгаалах талаасаа бол зөв. Нөгөө талаас алт олборлодог компаниудын ажилчид, хувьцаа эзэмшиж байгаа компанийн эздийн эрх ашгийг нийгэмд бужигнаан үүсгэхгүйгээр газрын ойр, гарлагын бага дээр нь зохицуулж болох байсан уу гэвэл байсан. Гэтэл төрийн бодлого иймэрхүү маягаар явж байгаа нь ард түмний бухимдлыг хүргээд байгаа юм. Нэгэнт хуулийг нь баталчихсан болохоор уг асуудлыг хуулийн дагуу шийдэхээс өөр аргагүй. Гэхдээ Засгийн газар муу ажиллаж байна. Би Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагын хариуцлагатай албан тушаалтнуудад олон удаа зөвлөгөө өгч байсан юм. Энэ хууль том бужигнаан үүсгэнэ. Үйл ажиллагааг нь зогсоосон компаниуд алдагдлаа тооцон гаргуулна. Гэтэл төр өөрөө дарангуйллын байгууллага. Тиймээс өөрсдөдөө тааруулж хувийн компанийн эздийг шахаж эхэлнэ. Тэгэхээр энэ маргаан мөд шийдэгдэхгүй гэж харж байгаа. Би холбогдох яам, газруудад тавьсан саналдаа “Зээл авчихсан, банкинд өртэй хүмүүсийн нөхөн олговрыг богино хугацаанд өг” гэсэн. Харин бодит байдал дээр эдгээр компанид өгөх нөхөн олговрын мөнгө манайд байхгүй. Монгол Улсын бүтэн жилийн төсөв хүрэхгүй шахам нөхөн олговрын тооцоо гарсан байна лээ. Нэг үгээр хэлбэл, дөрвөн их наяд төгрөг.

- Тэгвэл үүсээд байгаа асуудлыг уул уурхайн компани, Засгийн газарт хохирол багатайгаар шийдэх арга бий юү? - Шийдэх олон арга бий. Лицензийг нь хураасан аж ахуйн нэгжүүддээ ижил төстэй бизнесийн боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Бас уул уурхайн компаниудынхаа саналыг сонсох хэрэгтэй. Мөн нийгэм, байгаль орчин хохирохгүй, хувийн хэвшил нь дампуурахгүй байх зохицуулалт хийх ёстой. Мөнгө нь төлөгдөөгүй бол банкууд хямрахгүй байх ёстой. Томоохон бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ үед Засгийн газар  уул уурхайн лиценз эзэмшигч 254 компани ямар тоног төхөөрөмжтэй юм гэдгийг нь судалж, ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Ажлын хэсэгтээ Засгийн газар, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оруулах нь зүйтэй. Эдгээр компанийн бэлэн болсон техник, технологийг өөр бүтээн байгуулалтын салбарт маневр хийх маягаар ашиглах боломжтой. Жишээ нь Азийн хөгжлийн банк, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, төсвийн хөрөнгөөр баригддаг зам болон газар шороо, төмөр зам, бүтээн байгуулалтын ажил руу уул уурхайн компаниудыг оруулах хэрэгтэй. Төр төсөвт дарамтгүй, улсын нуруун дээр ачаа үүрүүлэхгүй ямар боломж байна гэдгийг эрэлхийлж, зөв зохистой зохицуул гэж бид жил гаруйн өмнө хэлж байсан. Харамсалтай нь яам хөдлөхгүй байна. УИХ-ын гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулна гэж байгаа нь ч яг л ийм зүйлээс болж байгаа хэрэг. Тэр олон уурхайн ажилчид ажил, орлогогүй болохгүй, үүнийг дагаад арилжааны банкуудын байдал хүндрэхгүй байдлаар шийдэж болох юм.

- Уул уурхайн компаниудыг ижил, төстэй салбарт буюу томоохон бүтээн байгуулалтын талбарт ажиллуулж болно гэлээ. Тэгвэл тэнд ажиллаж байгаа уурхайчдад ажлын байр хэрхэн бий болгох вэ. Уул уурхайн эдгээр компани үйл ажиллагаа явуулахгүй бол уурхайчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ шүү дээ? - Урт нэртэй хуулиас болж 254 компанийн үйл ажиллагаа зогслоо. Энэ бол төрийн бодлогын алдаа. Ашигт малтмалын тухай хуулиар лиценз ав гэдэг, болохоо байхаар өгсөн лицензээ буцааж авлаа гэх нь алсаа харсан бодлого байхгүйн шинж юм. Ашигт малтмалын тухай хуулийг батлахдаа анхнаасаа улсын тусгай хамгаалалт, ойн сан, усны эх бүрдэх газарт лиценз олгохгүй байхаар батлах ёстой байсан. Тэгсэн бол иргэдэд ингэж чирэгдэл учруулахгүй. Би одоо Засгийн газар, холбогдох яаманд лицензийг нь хураасан уул уурхайн компаниудад нөхөн олговрыг шударгаар бодож өг гэдэг шаардлага тавьж байгаа. Алтны компаниуд нөхөн олговрын хэмжээнийхээ тоог хэлбэл Засгийн газар аль болох багыг өгөхийг оролдоно. Ингээд эх, адаггүй маргаан үргэлжилнэ. Энэ хооронд банкинд лицензээ барьцаалан зээл аваад уул уурхайн машин, техник хэрэгсэл авчихсан компани дампуурах аюул нүүрлэнэ. Үүнийг дагаад банкууд хүртэл хүндхэн байдалд орно. Гэхдээ том биш ч гэсэн жижиг банкуудад эрсдэлтэй нөхцөл байдал үүсч магадгүй байна. Иймээс нөхөн олговрыг олгоод хоёр яс сална гэдэг байдлаар Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хандаж болохгүй.

- Уул уурхайн компаниудыг ижил төстэй салбарт ажиллуулах боломжтой юм уу. Таны саналыг дэмжих болов уу? - Эрх ашиг нь хөндөгдсөн компаниуд Уул уурхайн ассоциацитайгаа нийлээд тухайн орон нутгаас сонгогдсон гишүүддээ хандан компанийнхаа техник, тоног төхөөрөмжийг өөр салбарт ашиглах боломжийг бүрдүүлж өгөөч гэж хандах хэрэгтэй. Миний хувьд, энэ саналыг ажил хэрэг болгон туслахад бэлэн байна. Урт нэртэй хуулийн тухайд Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хандаж байгаа хандлага надад таалагдахгүй байгаа. Өөрсдөө алсыг харсан хууль, шийдвэр гаргаж чадахгүй ард түмнийг хөлдөө чирдэг болжээ. Лицензээ хураалгасан 254 компанийн ард хэчнээн хүн ажиллаж, гэр бүлээ тэжээж байв. Эдгээр хүмүүс ажилгүй,  ядуусын эгнээнд шилжих юм уу. Асуудлыг ингэж цогцоор нь харахгүй байна. Хэл ам гарснаас хойш буюу урт нэртэй хууль батлагдсанаас хойш яамны нөхөд асуудалд чин сэтгэлээсээ хандсан бол уг асуудлыг аль хэдийнэ зохицуулчихсан байгаа. Тавантолгойн хөрс хуулалтад эдгээр компанийг ажиллуулахад л хангалттай шүү дээ. Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан лицензгүй болчихсон компаниудтай гэрээ байгуулаад, улсын төсвөөс дэмжлэг үзүүлж, Мянганы замыг барих ажлыг гүйцэтгүүлэх боломж бий. Засгийн газар үнэхээр ажил хийхгүй байна. Тавантолгой, Оюутолгой ярихаар л амьдрал сайжирчих юм шиг байх юм. Үүнээс олсон их орлого, ашигт малтмалаас орж ирэх ашгаа Монголын төр авч чадах юм уу. Үүнд би эргэлзэж байгаа. Төр засаг нүүрс, зэс ухахад санаа зовох хэрэггүй. Үүнийг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй гүрний улсууд ухаад авчихна. Бид ухаж чадах нь уу, юугаар туслах вэ гэж дэмий зүйлд санаа зовох шаардлагагүй. Харин гадны хөрөнгө оруулалттай томоохон компаниуд тухайн жил хэчнээн тонн нүүрс, алт, төмөр, зэсийн баяжмал ухчихав, энэ нь үнэн байна уу, худал байна уу, хэдийг нь дотоодод авч үлдэв, гадагш нь хэчнээнийг зарав гэдгийг л яс бодох хэрэгтэй. Тэгээд таарсан, тохирсон татвараа авах нь төрийн толгойг гашилгасан бодлого байх ёстой гэж үздэг.

- Уул уурхайн компаниудын асуудлыг шийдэхэд юу саад болж байгаа юм бэ. Эсвэл хэрэгжүүлэхэд нэгэнт оройтчихсон юм уу? - Би оройтоогүй гэж хэлмээр байна. Яамны удирдлага, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Уул уурхайн ассоциаци идэвхтэй ажиллах хэрэгтэй. Монголын төр уул уурхайн салбарын талаар харалган бодлого гаргасан. Өнөөдрийг хүртэл эрдэс баялгийн талаар баримтлах төрийн бодлого тодорхойгүй байна. Бодлого байхгүй учир тэр олон лицензийг замбараагүй тараачихсан. Үүнийг эмхлэхийн тулд Монголын төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гаргах зайлшгүй шаардлагатай. Энэ бодлогын амин сүнс нь гурван сая хүн амтай Монгол Улсад хэчнээн тонн нүүрс, алт, төмрийн хүдэр, шохойн чулуу хэрэгтэй болохыг тооцоод гаргачихна. Тэгээд ойрын 10-20 жилд эдийн засгаа 10-20 хувийн өсөлттэй болгох талаар эдийн засагчид ярьж байна. Тэгэхэд жилд 60 сая тонн нүүрс олборлох, 5-10 сая тонн төмрийн хүдэр, хоёр сая тонн шохойн чулуу, 40 тонн алт, 2-4 сая тонн зэсийн баяжмал олборлочихвол манай улсын эдийн засаг Зүүн өмнөд Азийн “бар” улсын үсрэлт шиг хөгжих болно. Ийм боломж бүрдэж байгаа. Шинжлэх ухааны үндэстэй бодлого гаргахын төлөө би цаашид ажиллах болно. Нөөц нь тогтоогдсон ашиглалтын лицензтэй нүүрсний орд газрын ашиглах нөөц 185 тэрбум тонн болсон. Тэгэхээр Монгол Улс жилдээ 60-80 сая тонн нүүрс олборлоно гэвэл одоо ашиглаж байгаа уурхайгаас гадна нэмж уурхай ашиглах шаардлагагүй байгаа юм. Дээр хэлсэн 185 тэрбум тонн нүүрсээс жилдээ сая тонн нүүрс олборлолоо гэхэд 185 жилд тогтвортой хэрэглэх, нүүрсний уурхайн найдвартай нөөц батлагдчихсан байгаа. Ийм байхад дахин 100, 200 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруул, ашигла гэж лиценз олговол Монголын эдийн засаг сүүрэхээр байгаа юм.

- Уг хуулийг хэлэлцэх явцад үүсэх үр дагаврыг нь та бүхэн хараагүй гэж үү. Хожим нь ийм маргаан үүсгэх хэрэг байна уу? - Энэ талаар маш их ярьж байсан. Монгол Улсын төр 1997, 2000 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн. Тухайн үед би нөхөн олговрыг маш зөв, хоёр талдаа хохиролгүйгээр шийдээрэй гэж байсан. Харин лицензээ хураалгасан компаниуд алтны чиглэлээр хориглоогүй бүс нутагт ашигт малтмал олборлоод явах бололцоо байгаа гээд асуудлыг орхиж байсан. Эрх нь зөрчигдсөн уурхайн компаниудын эрхийг сэргээхийн тулд нөхөн олговор олгоод зогсч болохгүй. Харин миний санал болгоод байгаа ижил төстэй салбарт ажиллуулахыг анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас банк, санхүүгийн үйл ажиллагаа тогтворжиж, хямрал багасч байгаа ийм үед уул уурхайн компанийн авсан зээлээс болж жижиг банкуудад дахиад доргио үүсгэх хэрэггүй. Банкны үйл ажиллагаа салганаад эхлэхээр хадгаламж эзэмшигч иргэдэд эрсдэл учруулах магадлалтай. Ингээд ирэхээр УИХ тэвдэж, сандран банкны үйл ажиллагааг тогтвортой болгох, эрүүл болгохгүй бол болохгүй гээд татвар төлөгчдийн буюу төсвийн хөрөнгөөс авч таарна. Тиймээс богино хугацаанд шуурхай арга хэмжээ авчихвал айхтар донсолгоо үүсэхгүй байх боломжтой.

- Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг хангалтгүй хийдэг гэдэг. Харин уул уурхайн компанийн захирлууд нөхөн сэргээлт хийхгүй байгаа жижиг компанийн өмнөөс нөхөн сэргээлт хийе гэж байгаа. Тиймээс хуулиа эргэж харах боломж бий юү? - Улс орны туршлагыг харахад янз бүр байдаг юм билээ. Манайх одоо нөхөн сэргээлтэд шаардагдах мөнгийг орон нутгийн тусгай дансанд төвлөрүүлж байгаа. Үүнийгээ өгдөг, өгдөггүй гэх яриа их бий. Бусад орны уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг судалж байхад байгаль орчныг сэргээхэд тухай компанид ашигт малтмал олборлодог компаниудаас тусгай хөрөнгө төвлөрүүлээд нөхөн сэргээлт хийдэг юм байна лээ. Нэгэнт хууль батлагдчихсан болохоор төр гаргасан алдаагаа одоо засах хэрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин