2013 он-Авлигыг аргамжсан уу
2013-12-24

Одоогоос жилийн өмнө Монгол Улсын авлигын индекс анх удаа буурч гарсанд Их хурлын дарга З.Энхболд АТГ-ын хамт олонд баяр хүргэж байлаа. Түүх нуршихад, олон улсын байгууллагаас 2011 онд 183 оронд судалгаа явуулж, “гар хүндрүүлэх” явдал хаана, хэр хэмжээтэй байгааг тандахад Шинэ Зеланд, Дани, Финланд улс хамгийн шударга буюу авлига бараг үгүй эхний гурван орноор тодорчээ. Харин эсрэг талд нь буюу жагсаалтын сүүлийг Афганистан, Мианмар, БНАСАУ, Сомали мушгив. Манай хойд хөрш жагсаалтын 143-т буюу хойноосоо 40 дүгээрт орсон бол урд хөрш Хятад 75 дугаарт бичигдэж байж.  Монгол Улс 2.7 баллаар жагсаалтын 120 дугаарт орж, улаан хүрэн өнгөөр илэрхийлэгджээ.

.

Энэ бол МАНАН төр барьж популизм хийж уул уурхайгаараа “өр босгож” байсан үе. “Авлигын төсөөллийн индекс 2011” судалгааны дүнгээр 183 орны авлигын индексийн утга 39 хувь нь өссөн, 37 хувь нь буурсан, 22 нь өөрчлөгдөөгүй байна. Манай улсын хувьд 2.7 гэсэн үнэлгээтэй хэвээрээ байж. Тоон утга 10-т ойртох тутам авлига байх нөхцөл бага байгааг илэрхийлдэг ба харин тоон утга нэгд ойртох тутам авлига байх нөхцөл өндөр байгааг буюу тухайн орны авлигатай тэмцэх тэмцэл сул байгааг илэрхийлдэг. 2012 онд анх удаа Монгол Улс буурсан индекстэй буюу 3.6 дээр иржээ. Олон улсын байгууллагын энэ судалгааны нөгөө талд халуун тогоондоо буцалж байгаа бидний хувьд 2013 онд авлигын сүлжээ хумигдсан гэж болохоор өнгөц дүгнэлт хийж болно.

_

Улиран одож буй 2013 он бол сонгуультай жил байлаа. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хийх уриатай 2009 онд ялж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нэр дэвшсэн нь ужиг авлигын үүр буглааг шахахад нөлөөгөө үзүүлсэн. Сонгуулийн улс төрийн шоуны энэ аяглалд жирийн хүний хоолой дээр тээглэх тоотой их мөнгөн дүнтэй, том хүмүүс нэр холбогдсон хэргүүд ил болж нийгэмд шуугиан тарьж байлаа. Гурван сургууль барьчих мөнгө нэг төрийн албан хаагчийн сейфэнд байх ба тэр нь бүүр хогийн цэг дээр хаягдсан байсан гэж шуугисан бол сайд агсан Ё.Отгонбаярын эхнэрийн дансаар “нийтдээ 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан” гэж  ЦЕГ-аас мэдээллэсэн нь нийгмийг жинхэнэ алмайруулсан. Энэ нь БСШУЯ-ны дөрвөн жилийн  нийт төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө ба монголд тэрбум долларын эргэлттэй гуравхан банк байдаг гэсэн харьцуулалт гарлаа. Тэгэхээр энэ их хэмжээний мөнгийг шалгаагүй, хардаагүй өнөөг хүрсэн гэдэг гайхмаар хэрэг мөн байлаа.

_

Тоон дотроо томоохонд орох албан тушаал авлигатай холбогдох энэ хэргүүд сонгуулийн өмнөхөн боссон шуугиан. Одоо шалгагдаж байгаа гэсэн багцад орж чимээгүй болсон.

,

Авлигын дуулиант хэргүүдийн дагавар багцад Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний бага хүү болон эгч Ч.Даваасүрэн, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарын хэрэг, Хөтөлийн дарга Шоовдорын мөнгө угаасан хэрэг, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн нягтлан н.Хулан, уг санг толгойлдог Н.Хүрэлсүх нарын улсад гурван тэрбум 56 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг, Жастын Батхүүгийн дуулиант 109 сая ам.долларын хэрэг гээд их юмтай жагсаалт бий. Үүн дээр дагавар багцад цөөнгүй засаг ноёдууд отго жинсээ гялалзуулан АТГ-ын үүдээр эргэлдэх болсон.

_

Энэ мэт шалгагдаж байгаа хэргүүдийг бөөгнүүлж харвал АТГ ажил ихтэй, тайлан урттай нэгэн оныг үдэж байгаа юм байна гэж болно. Албан тушаалын том гэх хэргийн холбогдогчид шүүх дээр очоод шүүрэн шанага шиг гоожиж цагаадсаар ялгүй үлддэг жишээ дурсамж их тул иргэд одоо шалгагдаж байгаа хэргүүд шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэл сулхан байгаа.

_

Авлигыг аргамжиж чадах нь ганц АТГ ч юм уу ЦЕГ-ын ажлаар хязгаарлагдахгүйг бүгд ойлгодог болсон цаг. Улс төрийн нам бүлэглэл олигархуудыг төрийн сан, хөрөнгө мөнгөний урсгалаас холтгох бодлого зангидаж бодитой том алхам хийгээгүй цагт авлигыг аргамжих төдий л байсаар байна гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Авлигын хэрэг илэрсээр байна. Шалгагдаж байна. Ил тод мэдээлэгдэж байна. Энэ сайн хэрэг. Авлига гэх нийгмийн хорт хавдарын идэвхтэй далд явцыг ил харж чаддаг болсон гавьяа 2013 онд тэмдэглэгдэн үлдэнэ. Харин суурь буглаагаар нь устгаж нийгмийг эрүүлжүүлэх аян 2014 оноор өргөжин үргэлжлэх учиртай. Энэ аянд том төрөөс ухаалаг төр рүү шилжих уриатай нэгэн давалгаа нэмэгдсэн нь ард олныг залхаасан тархи угаалт биш алдарсан итгэлийг нь сэргээж авлигын аргамжааг бөхлөх шинэ түрлэг гэж найдья.

_

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин :
төрийн албан хаагчдийн хариуцлагын тухай хуультай болох хэрэгтэй тангараг өргөдөг төрийн албан хаагч тангарагаа зөрчвөл цэрэг хүний ёсоор эх орноосоо урвасанд тооцож цаазаар авах хэрэгтэй
2013-12-26
зочин:
үнэхээр л авилгаа устгая арилгая гэж боддог юм бол авилга өгсөн мэдээлсэнийг нь урамшуулаад авсаныг нь шийтгэ
2013-12-26
zochin:
ulam l nariisaad bndaa nuden deer ni ilt haragdaad l bna shuu dee
2013-12-26
erdenebumaad:
niitlel hiideggui bichdeg yum.
2013-12-26
erdenebumaa:
bayrhuu gedeg setguulch sain niitlel hiih umaa
2013-12-24
зочин:
авилга бол заавал тэмцэж утсгах ёстой нэг номерийн асуудал. гэхдээ авилгатай тэмцэхийн тулд ажилладаг хууль шүүх хууль сахиулах байгууллага хэрэгтэй. шүүх, прокурор, цагдаа нь өөрөө авилгад идэгдсэн оронд авилгатай тэмцэх болмж бараг байхгүй. дээр нийгмийн сэтгэл зүй гэж нэг айхтар юм байна. замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлдэг хүнгүй оронд хууль үйлчилнэ гэж бараг байхгүй. тэгэхлээр монголд авилгатай тэмцэх ажил олон арван жил үргэлжилнэ. түүнээс гадна гадаадын байгууллагуудын судалгаа яах вэ, баримжаа л болох ёстой юм. тэрнээс тэд биднийг авилгатай гээд бид авилгатай болчихгүй авилга нь буурч байгаа гээд авилгагүй болчихгүй. тэдний улс орнуудыг жагсааж байгаа арга нь нэг л сэжигтэй. жишээ нь хойд солонгосыг хамгийн их авилагтай орон гэхэд хэн үнэмших юм.
2013-12-24