Энэ онд 16 сая тонн нүүрс экспортложээ
2013-12-25

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр энэ сард геологи, уул уурхайн салбарт хийгдсэн ажлуудын талаар танилцуулсан юм.

Уул уурхайн салбар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг эзэлдэг. Тэгвэл энэ оны эхний 11 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 712 мян.тн буюу 82 хувьтай, молибдений үйлдвэрлэл 3.412 тн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл 81 хувьтай байгаа аж. Газрын тос болон алтны олборлолт, татварын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс хэдийнэ давсан байна.

 

Харин нүүрсний олборлолт 28.6 сая тн буюу 93 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт нь 241 тэрбум төгрөг буюу 60 хувьтай байна. Экспортын тухайд энэ оны эхний 11 сарын байдлаар 16 сая тонн байгаа аж. Үүнээс үзэхэд 2013 онд нүүрсний үнэ дунджаар 40 орчим хувийн уналттай байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойн Баруун цанхийн нүүрсийг 40 орчим ам.доллараар, Зүүн цанхийн буюу Чалко компанид нийлүүлж буй нүүрсийг 35 орчим ам.доллараар нийлүүлж буй аж. Үүнээс тээврийн зардлыг оруулж тооцон Ганц мод, Гашуун сухайтын хилийн боомтын үнэ 60-65 ам.доллар болж буй юм. Төмөр зам тавьснаар энэхүү тээвэр, ложистикийн зардал хамгийн багаар бодоход 50 орчим хувиар буурах боломжтой аж.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин