Авлигын улмаас 85 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2013-12-26

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралдаанаар шалгагдаж байгаа томоохон хэргүүд, болон өнгөрөгч 2013 онд хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлтсийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Гомдол мэдээлэл 18,2 хувиар өсчээ

Өнгөрөгч 2013 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 970 гомдол мэдээлэл ирснээс 422 нь гэмт хэргийн шинжтэй байсан ба энэ нь өмнөх 2012 оны мөн үеийнхээс 18,2 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Эдгээр мэдээллийн 58-д эрүүгийн хэрэг үүсгэж, 176-д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 152-ийг харъяаллын дагуу шилжүүлсэн гэнэ. Харин мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэргүүдээс 43 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 41 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 21 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 13 хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийг үндэслэн түтгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх эрүүгийн хэргүүдэд нийт 400 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 36,5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 85 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Мөрдөн шалгасан нийт эргүүгийн хэргийн учруулсан хохирол 85 тэрбум төгрөг болж байгаа нь 2012 оныхоос 44,7 хувиар өсчээ. Түүнээс мөрдөн байцаалтын явцад 6,3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өмнөх оноос 50,7 хувиар өссөн, 17,1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилжээ.

Шүүхээс 26 шүүгдэгчийг гэм буруутайд тооцов

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн 33 шүүгдэгчид холбогдох 11 хэргийг шүүхээр шийдвэрлэж, 26 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон байна. Тэднээс 12 шүүгдэгчийг хорих ялаар, 5  шүүгдэгчийг торгох ялаар, нэг шүүгдэгчийг баривчлах ялаар, 2 шүүгдэгчийг тодорхой ажил, албан тушаал эрхлэх нэмэгдэл ялаар, 8 шүүгдэгчийг ялын тэнсэн тус тус оногдуулжээ. Харин 7 шүүгдэгчид холбогдох 2 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
алтан:
хайран мөнгө энэ мөнгөөр утаанаас салах боломж байсан байхаа даа бараг
2013-12-26