Урлаг, соёлын оны үйл явдлыг “ШУУД” онцолж байна
2013-12-27

 

2013 онд манай урлаг, соёлын салбарт олон үйл явдал өрнөснөөс онцлон нэрлэж байна.

1

Драмынхан Кихотыг “амилуулж”, Дуурынхан “Уран хас”-ын төрсөн өдрийг тэмдэглэв

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 11 сарын 08-10, 16, 17-ны өдрүүдэд Испанийн алдарт зохиолч Мигель де Сервантсийн “Хохь тайж Кихот ноён” романаас сэдэвлэн, зохиолч М.Булгаковын орос хэлнээ орчуулсан хувилбар болох “Кихот ноён” жүжгийг өөрийн тайзнаа амилуулсан. Дэлхийн олон орны театрын тайзнаа амилсан, 400 гаруй жилийн өмнө буюу 1605 онд бичигдсэн, дэлхийн утга зохиолын ноён оргил, хоёрдугаар мянганы манлай романаар өргөмжлөгдсөн бүтээл ийнхүү манай үзэгчдийн хүртээл болсон. Энэхүү жүжгийг өнгөрөгч хавар бие нь чилээрхэж, гадаадад очиж эмчлүүлээд ирсэн найруулагч Б.Баатар найруулан тавьсан. Тэрбээр “зургаан жилийн турш бодож, санаж явснаа энэ онд биелүүллээ. Гэхдээ жүжигчингүйдээ бус мөнгөгүйдээ хийж чадахгүй байсан юм” гэж ярьж байсан. Санхүүжилтийг ССАЖЯ-аас гаргасан билээ.

1

Монголын Кихот ноёны дүрийг Б.Баатар найруулагчийн зургаан жилийн өмнөөс товлосон  МУГЖ Б.Жаргалсайхан бүтээсэн. Тэрбээр энэ дүрийг бүтээхийн тулд 5-6 кг турсан гэж ярьж байсан. Харин түүний шадар туслах Санчо Пансагийн дүрд МУСТА Г.Амгаланбаатар тоглосон. Энэхүү бүтээл нь гурван жилд нэг удаа зохион байгуулагдаж бүх урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гоо марал” наадмын жүжгийн урлагийн тэргүүн шагналыг хэдхэн хоногийн өмнө хүртсэн юм.

1

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 40 жилийн турш тасралтгүй тоглогдсон Монголын анхны бүжгэн жүжиг “Уран хас”-ын 40 жилийн ой энэ онд тохиож, 12 дугаар сарын 1-ний өдөр зууны манлай удирдаач Ж.Чулууны гэр бүл болон үе үеийн Хас, Хандармаа тэргүүтэй, “Уран хас”-ын бүжигчид хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус бүжгэн жүжгийн “Цэнгэлийн вальс”-ийг мэдэхгүй Монгол хүн цөөхөн билээ. Энэ үдэш “Уран Хас” бүжгэн жүжгийг хоёр бүлэг, гурван үзэгдэлтэйгээр буюу хуучин, бүрэн хэлбэрээр нь тоглосон юм. 40 дэх жилдээ тоглогдож буй энэхүү бүжгэн жүжгийн буга, согооны дүртэй, хөгжилтэй хэсгийг энэ удаагийн тоглолтод сэргээн оруулсан нь үзэгчдийн талархалыг хүлээснийг тоглолтын туршид нижигнүүлэн ташсан тэдний алга ташилтаас мэдэгдэж байсан.

1

Анх 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинэ жилийн баярт зориулан тайзнаа “амилж” байсан “Уран хас”-ыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат н.Гэлэнхүү хэмээх хүний бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн ба түүний зээ нар уг бүжгэн жүжгийн 40 жилийн ойд хүрэлцэн ирсэн нь сонин тохиол байлаа. Өдгөө “Уран хас”-ыг бүтээсэн удирдаач Ж.Чулуун, нисэх хүсэлдээ хөтлөгдөн 200 метрийн өндөртэй “Дүнтэр” цохионоос үсэрч, амьд үлдэж байсан н.Гэлэнхүү, анхны Хас буюу бүжигчин Б.Батхүрэл нар тэнгэрийн оронд одсон ч “Уран хас” мөнхөд үргэлжилж байна.

1

Домог түүхийн их хатад “бүжив”

1

Их монгол улсын 800 гаруй жилийн түүхийн тавцанд алдар гавьяа, үйл хэргээрээ мөнхөрсөн домог түүхийн есөн хатан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа өөрсдийн амьдралаа бүжгийн хэлээр хүүрнэлээ. Домгийн гоо маралаас эхлээд эрэлхэг зориг, цэцэн ухаант Мандухай сэцэн хатныг хүртэлх Монгол Улсын төлөө, алтан ургийн удмыг мөхөөхгүй авч үлдэхийн төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн есөн хатны уналт, сэргэлтийг зөвхөн бүжгээр үзүүлсэн нь гайхамшигтай байлаа. Манай улсад их хатдыг нэгэн дор үзүүлсэн урлагийн бүтээл урьд өмнө нь байгаагүй билээ.

1

Их хатдын дүрийг бүжигчин МУСТА С.Цэцгээ /Гоо марал/,  бүжигчин МУСТА Г.Уянга /Алунгоо эх/, бүжигчин МУСТА Т.Ариунжаргал /Өүлэн эх/, бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал /Бөртэ хатан/, бүжигчин МУСТА Э.Номин /Дөргөнө/, бүжигчин МУСТА М.Бямбаа /Сорхагтани хатан, бүжигчин Л.Энхболор /Чимбай/, бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа /Самар/, бүжигчин МУСТА Ж.Мандухай /Мандухай/ нар бүтээн бүжиглэсэн. Тэд болон туслах дүр бүжиглэсэн ҮДБЭЧ-ын бүжигчид үнэхээр Монгол бүжигчдийн уран чадварыг гайхуулсан билээ. Тиймдээ ч “Их хатдын туульс” энэ удаагийн “Гоо марал”-ын бүжгийн урлагийн шилдгийг хүртсэн юм.

1

Болор цомд “битүү морь” түрүүлэв

1

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадам оны эхэнд болсон. Энэ жилийн наадмын эцсийн шатанд 34 найрагчийн бүтээл тунаж үлдсэн юм. Сүүлийн үед нэлээн шүүмжлэл дагуулах болсон тус наадмын тэргүүн шагналыг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” шүлгээрээ хүртсэн. Түүнийг Янжинлхам бурхны ивээлд жинхэнэ утгаараа багтана гэж төсөөлөөгүй байсан хүмүүс “битүү морь” түрүүллээ гэж байсан бол угаасаа л тодорхой байсан гэх хэсэг ч байсан. Харин үзэгчдийн нэрэмжит “Хөх мөнх зөн” цомыг яруу найрагч Л.Ганзулд хүртээсэн нь нүдээ олсон шагнал байсан юм.

1

Нийтийн тооллоос нийгмийн тооллын 300 шүлэг

1

Дэлхийн бүх цаг үеийн шилдэг яруу найргийн дээжийг багтаасан гэх тодотголтой “Гурван зуун шүлэгт” антологи есдүгээр сарын 11-нд нээлтээ хийсэн. Тус антологийг СГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо эмхэтгэхдээ нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон өрнө, дорнын 300 гаруй шүлгийг эн тэнцүү оруулснаараа онцлогтой. Энэхүү антологи нь хүн төрөлхтний хамгийн эртний утга зохиолын бүтээл болох Вээдийн шүлгээр эхэлдэг. XIII зууны үеэс орчуулах эрдэм нь эхэлсэн Монголын орчуулагч, уран бүтээлчдийн 300 орчим жилийн орчуулгын дээж болох 60 гаруй орчуулагчийн бүтээл энэ антологид орсон.

1

Манай бүтээлүүдээс Хүнннүгийн үеийн дуунаас эхлээд Нууц товчооны шүлэг, Чойжи-Одсэрийн шүлэг, Инжаннаш, Равжаа, Явуухулан, Цэдэндорж, Нямсүрэн, Дашбалбар хүртэлх арав гаруй зохиогчийг хүн төрөлхтөний яруу найргийн суутнуудтай эн зэрэгцүүлэн анх удаагаа гаргаж тавьжээ. “Д.Данзанравжаа бол Оросын суут А.С.Пушкин, сонгодог яруу найрагч Тютчев, Америкийн Эмерсон, Эдгар По нартай үе чацуутан төдийгүй, сэтгэлгээгээр ч, яруу найргаараа ч, соён гэгээрүлэх үйлсээрээ ч дутуугүй. Ийм л учраас би дэлхийн яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд өөрийн үндэстний яруу найргийг нэлээд томоор гарган тавих мөрөөдлөө биелүүлсэн” хэмээн Г.Мэнд-Ооёо ярьсан байдаг.

1

Blue” уучлал гуйж, “T-Ara” бухимдуулав

1

Энэ оны есдүгээр сард дэлхийн алдартай гэгддэг хамтлагууд эх оронд маань хүрэлцэн ирж, Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийлээ. Английн алдарт “Blue” есдүгээр сарын 14-нд цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх байсан боловч техникийн саатал гарч гарснаар үзэгчдийг таван цагийн турш хүлээлгээд маргааш нь буюу 15-нд дахин тоглохоор болсон. Тус хамтлагийн тоглолтын тасалбар 30, 50, 120 мянган төгрөгийн үнээр борлуулагдаж байсан боловч эхний өдрийн тоглолт бүтэлгүйтснээр дараагийн өдөр нэг тасалбараар хоёр хүн үзэх эрхийг зохион байгуулагч компанийн зүгээс олгож алдарт “Blue” үнэгүйдэв. Хэдийгээр хамтлагийнхны буруу биш боловч тэд өөрсдийн албан ёсны хуудсандаа “Улаанбаатарчуудаа, өнөөдрийн тоглолт цуцлагдсанд уучлаарай. Эхний дуу дуулж байхад маш том асуудал үүсч тоглолтоо маргааш хийхээр боллоо. Бид олон сайхан фэнүүдтэйгээ маргааш гайхалтай үдшийг өнгөрөөнө гэдэгт найдаж байна” гээд хамтлагийн гишүүд нэрээ бичсэн байсан. Дараагийн өдөр нь тэд үнэхээр үзэгчдийг доргиосон.

1

Харин есдүгээр сарын 21-нд Солонгосын Т-ARA болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд ЕTV телевизийн урилгаар ирж, төв цэнгэлдэх хүрээлэнд тоглосон. Тэдний тоглолтын билет 35-350 мянган төгрөгийн үнэтэй зарагдахад дургүйцэх хүн олон байсан. Голдуу ЕБС-ийн сурагчид үзсэн тэдний тоглолт ямар нэгэн бүтэлгүйтэл, дуулиан шуугиангүйгээр өндөрлөсөн бол Монгол хийсэн клипний зураг авалт ард иргэдийг багагүй бухимдуулсан юм. Т-ARA хамтлагийнхан шинээр гаргах дууныхаа клипийг нийслэлийн захын дүүргийн гэр хороололд хийж, түүнийгээ сошиал медиагаар цацсаныг үзсэн Монголчууд доромжлол гэж үзэж, фэйсбүүк, твитерт дургүйцсэн сэтгэгдэл үлдээн хэрэндээ л бухимдацгаасан. Үүнд “T-Ara”, урьсан хүмүүсийн хэн ч хариу үйлдэл үзүүлээгүй.

1

Пүдогийн цэцэрлэгт хүрээлэн

1

Монголын уран зохиолын нэгэн үеийн томоохон төлөөлөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиосон юм. Энэ ойд урлаг, утга зохиол яруу найргийн хүрээнийхэн болон түүний уугуул нутгийнхан ихээхэн ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Найрагчийн шүлгээр бүтсэн мөнх настай дуунуудын нэг болох “Дөрвөн цагийн тал” дуугаар нэрийдсэн хүндэтгэлийн цэнгүүнийг түүний хүү П.Энхтүвшин санаачлан, Төрийн хошой шагнал хөгжмийн зохиолч Н.Жанцанноров найруулан тавьсан юм. Энэхүү тоглолтод анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй түүний анд нөхөд болон энэ цагийн шилдэг дуучин, яруу найрагчид оролцсон.

1

Зохиол бүтээл нь хамгийн сайн найруулгатай гэгддэг “Тусгаар тогтнол”, “Чингис” зэрэг алдарт найраглалын эзэн Д.Пүрэвдорж агсан нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Түүний 80 насны ойд зориулан Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод сэрэг дүрийг нь бүтээж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Ингэснээр нийслэлд Явуу, Арвайхээрт Пүдо цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.

1

“Бумбардай аргалд явсан нь” Ерөнхий сайдыг асуудалд оруулав

1

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бумбардай аргалд явсан нь” гэх нэртэй цуврал зурган номыг дэмжин бүтээлгэж хүүхэд багачуулд бэлэг барьсан. Ингэхдээ тус номын нээлтийг 11 дүгээр сарын 1-ний өдөр Төрийн ордонд хийсэн. Энэ нь хүүхдийн номын хуримыг Төр засгийн ордонд зохион байгуулсан анхны тохиолдол болсон байх. Энэхүү ном нь 108 цуврал байхаар төлөвлөгдсөн.

1

Гэтэл 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нар хэвлэлийн бага хурал зарлаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар болж, хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тэд түүнийг багцын мөнгөө дур мэдэн зарцуулсан гэх үндэслэлээр шалгуулж байгаа ба үүнийгээ нотолж байна гэсэн баримт дунд “Бумбардай аргалд явсан нь” цуврал явж байв. Харин Авлигатай тэмцэх газар уг асуудлыг шалгаад хууль зөрчсөн зүйл байхгүй, Ерөнхий сайд буруугүй гэдгийг мэдэгдсэн билээ.

 1

Өртөөний жаалууд алтан пянз гаргав

1

Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөл “Хурд” хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож, тэд ойн баяраа үе үеийн фэнүүдтэйгээ хамт тэмдэглэлээ. Хоёр өдөр тоглогдсон “Best of Hurd” тоглолтыг UB palaсе”-ийн концертын их танхим дүүрэн үзэгчид суудалдаа тухлалгүй хурдтай хамт дуулж бүжиглэж үзсэн.

1

Тэдний ойдоо зориулсан хамгийн том бүтээл нь монголын рок поп урлагийн түүхэн дэх анхны алтан пянзыг хэвлүүлсэн явдал байлаа. 20 жилийн хугацаанд бүтээсэн 200 гаруй дууныхаа шилдэг наймыг оруулсан алтан пянзныхаа дээжээс тоглолтынхоо үеэр дуудлага худалдаанд оруулж зарсан.

1

Эхний өдөр тус хамтлагийн дуучин Д.Төмөрцогийн багийн найз таван саяар авсан бол дараагийн өдөр н.Цолмон гэх хувиараа бизнес эрхэлдэг залуу мөн үнээр худалдан авсан юм. Хурд хамтлагийнхан алтан пянзнуудынхаа орлогыг зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн хагалгааны зардалд хандивлахаа зарласан. Тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Анх төмөр замын өртөөний ажилчин н.Дамбын хүүхдүүд “Хурд”-ыг байгуулахдаа энэ цаг үеийг, алтан пянз хэвлүүлэхийг зөвхөн зүүдэлдэг, мөрөөддөг байлаа. Харин уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр зүүд, мөрөөдлөө биелүүллээ” гэж хэлсэн. Тэд одоо Монголын домог болохоор, 30 жилийн ойгоороо фенүүдтэйгээ дахин уулзахаар хөдөлмөрлөж буй.

1

Б.Буд

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
undsen huuliin tsetsed ner devshsen tsogtood eruul enh urd naslahiig husch saihan buhniig husie
2013-12-27