Ерөнхийлөгч үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
2013-12-27

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Архивын ерөнхий газраас санаачлан, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулсан “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

 

Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулан зохиож буй тус үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монгол Улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны их ой болж байгаа. Бид энэ түүхэн ойг улс орон даяар ёслол хүндэтгэлтэй тэмдэглэдэг сайхан уламжлал тогтоосон. Харин энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ой тохиож байна. Бид саяхан энэхүү архивын үзэсгэлэнтэй танилцлаа. Эндээс харахад аливаа төрд тулгамдах асуудлуудыг шийдэх арга хэлбэрүүд ойролцоо, ижил төстэй байна. Жишээ нь яамдыг нэг байшинд оруулж, давхцаж буй ажил үүргийг нь нэгтгэсэн байх жишээтэй. Тухайн үед авлига болон хар тамхийг нийгмийн хамгийн буруу үзэгдэл хэмээн үзэж, үүнтэй тэмцэх тухай анхны хууль журам, шийдвэрүүдийг гаргаж байсан.

 

Бид өнөөдөр энэ бүхнийг улам сайжруулж, орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүчирхийлэл, ард иргэдийн эсрэг гэмт хэргийн шийтгэлүүдийг шинэчилсээр байгаа. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа дэлхийн хэмжээнд улс орныхоо нэрийг гаргах, олон улстай харилцах, улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх бодлого баримталж эхэлсэн байдаг. Өөр нэгэн бахархууштай зүйл гэвэл Монгол туургатнууд Монгол газар нутагтаа ирж, хамтран, олуулаа болж амьдрах шийдвэрийг Багд хааны санаачилгаар гаргасан байдаг. Мөн ард иргэдийн хүсэлтийн дагуу Богд хаан газар нутаг олгож байсан. Тэгэхээр энэ бодлого өнөөдөр ч чухал хэвээр байгаа. Ингээд нийт иргэддээ, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны их ойн мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Дашрамд дурдахад Богд хаант Монгол Улсын түүхэнд холбогдох 237 хөмрөг, 242 данс, 29 мянган хадгаламжийн нэгж Үндэсний төв архивт хадгалагдаж байна.

Мөн Архивын ерөнхий газар, МУИС-ийн Түүхийн тэнхим, Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын төв хамтран Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102 жилийн ойд зориулан “Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл: үр дүн, ач холбогдол” сэдэвт бага хурал зохион байгуулжээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин