Б.Хурц батлан даалтад гарах эсэх нь шийдэгдэнэ
2011-01-12

Гарах эсэхийг нь өнөөдөр Лондонгийн шүүхэд хэлэлцэх гэж байна. Энэ сарын 5-ны өдрийн анхан шатны ээлжит шүүх хурал дээр өмгөөлөгч Алан Жонс Б.Хурц нь Тусгай үүргийн олон улсын конвенцийн хүрээнд халдашгүй эрх ямба, дархан эрхийг эдлэх ёстой НҮБ-ын конвенцид хамаарах субьект бөгөөд үүний дагуу түүнийг чөлөөлж суллах бүрэн үндэслэлтэй гэсэн тайлбарыг шүүхэд танилцуулсан байгаа.

Улмаар түүнийг батлан даалтад гаргах асуудлыг 12-ны өдөр буюу өнөөдөр хэлэлцэх шийдвэрийг шүүгч гаргасан юм. Дараагийн албан ёсны шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 3 –ны өдөр хийхээр товлосон. Б.Хурцын асуудлыг нааштайгаар шийдэхээр байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан шүүх ямар ч байсан батлан даалтад гаргах эсэхийг тусгайлан хэлэлцэхээр боллоо гэдгийг онцолж хэлж байсан.

Харин зөвхөн батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэнэ гэгдэж буй өнөөдрийн хуралд эхнэр нь болоод 5-ны өдөр шүүх хуралд оролцсон төлөөллүүд байлцах уу гэдгийг тодруулахад “гэр бүлийнх нь хүн оролцох үгүйг мэдэхгүй. Харин Ажлын хэсгээс төлөөлөл байлцах байх. Гэхдээ эндээс үү. Эсвэл Лондонд байгаа Ажлын хэсгийн төлөөлөл оролцох уу гэдгийг тухайн үед нь ярилцаад шийднэ байх” гэж байсан.

Тэгвэл Б.Хурцын эхнэр Лондонгоос ирээгүй байгаа бөгөөд хуралд оролцоно гэсэн мэдээлэл байна. Мөн “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд болох хуралд Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх, консул Н.Батаа нарын эрхмүүд уламжлал ёсоор оролцох аж.

Shuud.mn
Сонин хачин