Монголд ногоон хөгжлийг дэлгэрүүлэгч, манлайлагчдыг тодрууллаа
2014-01-10

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2013 оны “Mongolian green awards” ёслолын ажиллагаагаа зохион байгуулж, шилдэг иргэн, байгууллагуудыг шалгарууллаа. Монголын зах зээлд нэвтэрсэн, байгальд ээлтэй, нөөцийг бүтээлчээр хэмнэлттэй ашигласан, олны таашаал хүртсэн бараа бүтээгдэхүүн, технологи, үйлдвэрлэлийг сурталчлах, дэмжин урамшуулах зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулдаг байна.

“Best green awards-2013” оны эзэд буюу Монголдоо ногоон хөгжлийг бүтээгч манлайлагчдаар иргэдийг байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг хийснээрээ “Малчин”ХХК, эх нутгийнхаа  унаган дагшин төрхийг хамгаалан авч үлдэх, олон түмэнд сурталчлан таниулах ажил хийж буй Архангай аймгийн Байгаль орчны газар болон Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо шалгарчээ. Мөн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн Ц.Эрдэнэ, ус хэмнэх технологийг нэвтрүүлэгч “Тотком”ХХК, ой хамгаалах, нөхөн сэргээгч “Төгөл” ХХК тодорсон байна.

 Харин байгальд ээлтэй технологийг дэлгэрүүлэгч байгууллагаар “Дашваанжил” ХХК шалгарсан байна. Тус компани нь 1998 оноос шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх анхны станцыг барьж ашиглалтанд оруулжээ. Мөн шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нийслэл төдийгүй хөдөө орон нутагт айл өрх, нийтийн хоол, барилга, төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлалын салбарт, түүнчлэн орон байрны халаалтанд нэвтрүүлсэн байна. Түүнчлэн, автомашиныг хийн түлшээр цэнэглэх ажлыг эхлүүлэн, 15 жил тасралтгүй хийн аж ахуйгаар дагнан ажиллаж байна. Тус компани нь АНУ, БНСУ-ын шингэрүүлсэн хийн түлшийн сүүлийн үеийн технологийг Монголын зах зээл дээр нэвтрүүлэгч байгууллага юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин