Эрүүгийн долоо хоног
2014-01-12

 

Шинэ оны дараах шинэхэн долоо хоног сонин содон гэхээсээ илүү эрүүгийн хэрэг явдлаар дүүрэн байв. Эцсийн шийдвэр гарсан, хойшлогдсон шүүх хурлууд дараалан болж, хар тамхичдыг ч илрүүлэн шалгаж эхлэв. Хамгийн ноцтой нь хайхрамжгүй, хариуцлагагүй хууль зөрчигчдөөс болж нэгэн залуу зүй бусаар хорвоог орхиж, энхийн цаг атал аюулгүй амьдрах баталгаагүйн бас нэгэн жишээ болов. Хаа холын мэт байсан хар тамхины хэрэг шил шилээ даран илэрч, хажууд ирчихээд хаалга тогшиж буй илүү ихээр харуулав. УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран каннабис, “мөс” буюу “Ice” хэмээн мансууруулах төрлийн бодисуудыг их хэмжээгээр илрүүлсэн гэнэ. Бас хууль хяналтынхан Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дуу бичлэгийн студиэс хар тамхи, мансууруулах төрлийн бодис олжээ. Энэ хэрэгт холбогдуулж хип хоп чиглэлээр дуулдаг гэх 15 залуугаас мэдүүлэг авч эхэлсэн юм. Хар тамхины хэрэг ингээд дуусахгүй. Эрх мэдэлтний хүүхдээс эхлээд урлагийнхан гэх сэтэр зүүсэн залуус ч хар тамхинд нэр холбогдож, эрүүл бус нийгмийн эргүү жаалуудын эгнээг тэлэв. Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногийг эрүүгийн гээд тодорхойлчихож эндүүрсэн болохгүй биз.

5

Хууль хянагчийн хүү хууль зөрчив

5

ТӨХ-ны дарга байхаасаа л “Сугардаггүй Сугар” нэр авсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн  Д.Сугарыг тойрсон хэл ам тасрахгүй бололтой. Тэрээр өөрөө МИАТ-ын мөнгө угаасан хэрэг, Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэргээр  шалгагдаж байгаа ч Цэцийн гишүүний бүрэн эрх нь түүнд хамгаалалт болсоор байгаа. Хууль хяналтынханд шалгуулахад хэзээд бэлэн хэмээн том дуугардаг ч Цэцийн гишүүнээс татгалзаж чаддаггүй нь түүнд халхавч хэрэгтэй байгаагийн илрэл ч юм билүү. Ийн Д.Сугарын хэргийн дуулиан намжаагүй байтал түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт холбогдов. Эцгийн нэр нүүрээр Хөрөнгийн биржид мэргэжилтэн хийдэг байсан С.Цогийн хар тамхины хэрэгт холбогдсон нь  баталгаатай болж, мөрдөн байцаалт явагдаж, прокурор яллах дүгнэлтээ үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.  Түүнтэй хамт 12 хүн шүүхийн хаалга татах нь тодорхой болов. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, тулгуур хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэж суудаг хүмүүсийн нэг. Товчхондоо хууль зөрчих эрхгүй атал өөрөө ч, хүү  нь ч хууль хяналтынхны хараанд орсон нь таатай зүйл биш. Хууль хэрэгжүүлж, хянагчид өөрсдөө хуулиа уландаа гишгэдгийн тодхон жишээ энэ.

5

Бас нэг ялтан

5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хэлсэн “хөрөнгөлөг хурандаа” гэсэн үгнээс эхлэлтэй хууль хяналтынхныг хараалсан овоо хараа өнгөрсөн долоо хоногт бас нэг хэргийг шийдвэрлэв. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, Бригадын генерал Т.Дашдэлэг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргээр 3 жил 5 сарын хугацаанд “аавынд” суухаар болов. Тэрээр хамсаатнуудтайгаа нийлэн цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч "Миг-21" онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан. Мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан хэрэг нь ил болж, төрийн хөрөнгийг идэгчдийн нэг гэдэг нь тодорхой болж, шүүхийн шийдвэрийг сонсоход хүргэв.

5

Сөрөг хүчний шантаа

5

Асуудал бүрийг олонхоор түрүү барьдаг, биднийг хаалганы гадна үлдээдэг хэмээн гомдоллодог МАН-ынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эхлэв үү, сүүдэрт байхаас залхав уу ямартай ч амь оров. Ингэхдээ цагаан сараас өмнө цалин тэтгэврийг нэмэх ёстой хэмээн мэдэгдэв. МАН-ын бүлгийн зүгээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр таван хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж буйгаа ч мэдээлэв. Тэд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, үнийн хөөрөгдөл үүсээд байхад Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэврийг нэмээгүй хэмээн үзэж байгаа аж. Одоо төрийн албанд 210 мянган албан хаагч ажилладаг бол тэдний цаана байгаа гэр бүлийг нь тооцвол 840 орчим мянган хүн бий хэмээн тооцжээ. Мөн 320 мянган өндөр настан тэтгэвэр, 60 мянган иргэн тэтгэмж авдаг аж. Энэ хүмүүсийн цалин, тэтгэвэрийг 30 хувиар нэмэгдүүлэхэд нэг жилд 759 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Харин нийгмийн нэг хэсгийг халамжлан тэтгэхэд шаардлагатай энэ мөнгө Монголын төрд бий юу гэсэн асуулт тулгарна. Нааштай хариу гарахгүй л болов уу. Тэгээд ч иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх нь үнийг өсөлтийг барих арга биш. Харин ч илүү хөөрөгдөнө. Ер нь төрийн албан хаагчид, тэтгэвэр тэтгэмж авагчдын хайр халамж нэмэгдэхийн хэрээр хувийнхны нуруун дахь ачаа нэмэгддэгийг ах намынхан мэднэ байх. Энэ бүхний эцэст МАН-ынхны энэ шийдвэр ажил хэрэг гэхээсээ илүү шантаа мэт харагдаж байгаа нь нууц биш.

5

Автобус I -ийнхний “өвчин” сэдрэв

 

Жил бүр л цалингаа нэмэхийг шаардаж, эцэст нь ажил хаяна хэмээн сүрдүүлдэг Автобус I -ийнхний “өвчин” энэ долоо хоногт дахин сэдрэв. Өвлийн хүйтэнд иргэдийг чирэгдүүлж, урьдчилан мэдэгдэхгүйгээр сэдэрсэн тэдний энэ “өвчин” ужгирч, намжааж, намдаах бус харин ч яршигтай асуудал болон хувирав. Автобус I –ийнхэн энэ удаа уламжлал ёсоор цалин хөлсөө голж чамлав. Хажуугаар нь удирдлагаа халагдахыг шаардахаа ч мартсангүй. Асуудал байдгийг үгүйсгэхгүй. Гэвч хаа хаанаа хамжааргатай байх нь нийгэм эмх замбараатай, амар тайван амьдрахын эхлэл гэдгийг ойлгодоггүй бол тэдэнд хэлэх цаг болжээ. Жолооч, кондукторын цалин хангамж нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирдаггүйг хэн хүнгүй мэднэ. Уралдаж давхилдах, шугам булаалдан хэрэлдэх, жолооны ард тамхи баагиулан, утсаар ярих нь ч багасаагүй. Зорчигчоо элдэвлэх кондуктор ч засраагүй. Хувийн хэвшлийн тээврийнхэнд үлгэр дууриал болж, Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний нүүр царай болж байх ёстой, орон нутгийн өмчит үйлдвэрийнхэн хэтэрхий давруу байгааг хэлэх хэрэгтэй. Цалингаа голж, дураараа аашлагчдыг орлох жолооч мэргэжилтэн, кондуктор хийчих хүмүүс мундахгүй олон байгаа. Зайгаа тавиад өгвөл захын хүнийг сургаад ажиллуулчих боломж бололцоо нийтийн тээврийн салбарт ч бий.

 

Хууль зөрчсөн өр

 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Япон улсад айлчлал хийхдээ Самурай нэртэй бонд гаргахаар япончуудтай гэрээ үзэглэсэн. Энэ гэрээ ажил хэрэг болж, өрийн бичгийг Японы зах зээлд арилжаалж бүрдүүлсэн 30 тэрбум иен Хөгжлийн банкны дансанд оржээ. Самурай бондын хүү Чингис бондоос хоёр дахин бага гэж байгаа ч зээлжих зэрэглэл муудсанаас энэ таатай мэдээ болж чадахгүй бололтой.

10 жилийн хугацаатай Чингис бондын хүү 4.125 хувь. Тэгвэл Самурай бондыг жилийн 1.52 хувийн хүүтэй гаргасан. Харин зээлжих зэрэглэл өндөртэй орнууд тухайлбал ААА түвшний орнууд Самурай бондыг жилд 0.7-0.8 хувийн хүү төлдөг юм байна. Төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчин байж босгосон бондын мөнгөөр хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг санхүүжүүлэхээ мэдэгдээд буй. Зээлжих түвшнээ доошлуулж, хуулиа зөрчин байж тавьсан өр өгөөжөө өгөөсэй билээ.

5

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
aluurchid:
tiishdee arail dendvv muusain vmnuud
2014-01-14
dojo:
hoshnogo sugariig hvvtei ni hamt shorond ni suulgaldaa ard tvmen vzen yadaj bna shvv sugariig
2014-01-13
beejin :
hun alchad hedheen jil avaad garna gej muuhai bishuu aan yamartaich aimiig aimar solbol deer bishuu suuld gehed altanhuugiin hereg deer malaizd aimaa aldsan hun geel bain do bain
2014-01-12