Шүүх бүрэлдэхүүнийг “буудаж ална” хэмээн заналхийлжээ
Ц.Мөнхбаяр нарын 8 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууссан. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3, 177 дугаар зүйлийн 177.2, 185 дугаар зүйлийн 185.1, 185.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хянан шийдвэрлэсэн юм. Шүүхээс хуулийн дагуу тэдэнд зохих ял шийтгэлийг оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоол унших үеэр хуралд оролцож байсан шүүгдэгч нарын ар гэрийнхэн болон хөдөлгөөний төлөөлөл болсон иргэд орилж хашгиран шүүгч, улсын яллагч нарыг “Буудаж ална” хэмээн заналхийлсэн аж. Мөн зарим нь эд зүйлээ тэдэн рүү шидэж зохисгүй авир гаргасан байна. Энэ нь шүүх хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан шүүгчийн аюулгүй байдалд шууд халдсан хууль бус үйлдэл гэж хуульчид ярьж байсан.
1
Шүүхээс шүүгдэгч нарыг зохион байгуулалттайгаар бүлэглэн, эрх бүхий албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бусаар нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн /гранат, тэслэгч, буу сумаар зэвсэглэсэн/ нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Мөнхбаярыг 20 жил 6 сарын, шүүгдэгч Ж.Ганболд, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, Д.Төмөрбаатар нарыг тус бүр 20 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Мөн шүүгдэгч Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Ж.Ганболд нарыг зохион байгуулалттайгаар бүлэглэн галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар авч явсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Ц.Мөнхбаярыг 5 жил 6 сарын, Г.Болдбаатар, Ж.Ганболд нарыг тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Мөнхболдыг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар авч явсан, хадгалсан буюу Эрүүгийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн аж. Шүүгдэгч нарт оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн Ц.Мөнхбаярын биечлэн эдлэх ялыг 21 жил 6 сарын, шүүгдэгч Ж.Ганболд, Г.Болдбаатар нарын биечлэн эдлэх ялыг 21 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.
1
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Б.Гантулга, О.Самбуу-Ёндон нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлийн 177.2, 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Мөн шүүгдэгч Ц.Мөнхбаярыг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар бусдыг далайлган сүрдүүлсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
1
Б.Чин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ