Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанарыг сайжруулна
2014-01-29

 

НДЕГ-аас улсын хэмжээнд энэ онд “Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-гээ шинэчлэн байгуулж эхэлжээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 28 төрийн өмчийн эмнэлэг, 79 хувийн хэвшлийн эмнэлэг, 14 рашаан сувилал, 121 эмийн сантай гэрээ байгуулж буй аж. Харин орон нутгийн хэмжээнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд эрүүл мэндийн байгууллагуудтай уг шинэчилсэн гэрээг байгуулж байна.

Уг гэрээ нь даатгуулагчид чанартай, хүртээмжтэй, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг хүргэхэд шаардлагатай бүхий л үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Тухайлбал, гэрээнд даатгуулагчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай холбоотой эмнэлзүйн стандарт, удирдамж зааврыг чанд мөрдөх, эмчилгээ оношлогоонд алдаа гарсан байж болзошгүй тохиолдлын үед тухайн чиглэлээр өндөр түвшинд мэргэшсэн, туршлагатай ижил мэргэжилтний хөндлөнгийн шинжээчийн багаар үзлэг хийж  дүгнэлт гаргуулах зэрэг асуудлууд тусгагджээ. Мөн даатгуулагчийн дуу хоолойг сонсох зорилгоор нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн сэтгэл ханамжийн судалгаа болон шууд утас ажиллуулах, даатгуулагчид эмнэлзүйн цогц үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зэрэг шинэ арга хэмжээнүүдийг тусган ХАХНХЯ, ЭМЯ-аас гэрээний төсөлд санал авч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулахаар бэлтгэсэн байна.

2014 онд шинэчилсэн энэхүү гэрээг эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулахдаа даатгуулагчийн авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэнээрээ онцлог ач холбогдолтой хэмээн НДЕГ-аас мэдэгдлээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин