Монгол түмний их цэнгүүн Цагаан сар /1 хэсэг/
2014-1-29

Төв азийн өргөн уудам тал нутаг эртнээс нааш нүүдэлчдийн онгон дагшин, ариун гал голомт байсаар ирлээ. Эрс тэс уур амьсгалтай, газар нутаг нь үржил шимт хөрсөөр маруухан тариалан эрхлэх боломжгүй нь дөрвөн цагийн эргэлтэд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдрахаас өөр сонголтыг үлдээгээгүй юм. Чухам тиймээс л энэ нутаг үргэлж мөнхөд нүүдэлчдийн өлгий нутаг хэмээх мөнхийн алдар сууг хүртсэн юм. Энэ өвөрмөц соёл заншил, амьдралын хэв маяг, хатуу ширүүнд нухлагдсан ард түмэн дэлхийн түүхийг хэдэнтээ өөрчилсөн. Өрнө дорнын уруудан доройтол, сэргэн мандалтыг нэгээс нөгөөд шилжүүлэх аугаа түүхэн үүргийг урт дурын /Л.Гумилёвын тодорхойлсноор/ нүүдэлчдэд бурхан тэнгэр өгчихсөн бөлгөө. Хүчирхэг Ромын  соёл иргэншлийг Төв азиас нүүдэллэн очсон Атиллын хүннүчүүд мөхөөж байлаа. Өрний ард түмэн үл мэдэгдэх дорно хязгаараас байсхийгээд уулгалан довтлож бурангуй төрийг нь нөгөөгөөр өчиггүй сольдог энэ нүүдэлчдийг чухам энэ л цаг үеэс Тэнгэрийн ташуур гэж нэрлэсээр иржээ. Хүннүчүүдийн дараа мөн л тэр алсын хязгаараас Түрэгүүд довтлон ирж хэдэн зуун дамнасан их гүрнийг байгуулан өрнийг дагжин чичрүүлж байлаа. Зургаан зуун жилийн давтамжтайгаар Төв азийн гүнээс уруйн ус адил түрхрэн ирэгсэд нь цөм намхан давжаа морьдтой, тусгал сайт нумтай, өлсч ундаасахыг үл мэдэгч “мангасууд” байлаа. Хатуу ширүүн байгальд ширээгдэн хатаагдсан тэдний өмнө ямар ч хүчирхэг арми хормын төдийд л хиаран сүйрдэг гэж христийн сүмийн лам нар догдлон бичсэн нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Дэлхий ахиад л амсхийхийн хамтаар ёсон бусын явдал өрнө дорногүй энгийн зүйл мэт болж будангуйрсан цөвүүн цагт тэнгэрийн ташуур дахиад л өөрсдийгөө бий гэдгийг сануулсан нь 13 дугаар зууны үе байлаа. Чингис хаанаар тэргүүлүүлсэн их цэрэг энэ удаад дэлхийн талыг торолгүй атгав. Бүхэлдээ монголын хэмээн тодотгосон энэ зууны эхэн дайн самууны хөлд үймж байсан ч төдөлгүй монголын энх хэмээх өрнө дорны сөргөлдөөнгүй тайван амгалан хөгжлийн шинэ эрин үе хүн төрөлхтөнд ирсэн нь түүхэн үнэн.

5

Эртнээс нааш энэ учир битүүлэг ард түмний тухай үл ойлгогдох хүчирхэгжилтийн учрыг олох гэж дэлхий даяараа хүсч байсан ч нууцын гүнд өнгөрсөн зууныг хүртэл төдийлөн нэвтэрч байсангүй. Монгол руу зарсан элчис нь эд баялаг, хөгжил дэвшлийг нь бахдан шагшиж диваажингийн гүрэн тэнд л байгаа талаар эзэн хаад, папдаа мэдээлэхэд харанхуй бүдүүлгийн зуундаа мансуурсан өрнө дахин засрашгүй худалч хэмээн элчисээ гутаан доромжилдог байсан юм. Маркл Пологоо хэдэн зууны туршид ертөнцийн хамгийн худалч хэмээн зарлаж, ордны салбадай нарыг түүний нэрээр нэрлэдэг байв. Их хаадын байр байдал, эзэнт гүрнийх нь төрийн зохион байгуулалт, иргэдийн ахуй амьдрал, цэрэг армийнх нь дайтах чадвар, зэвсэглэлийн мөн чанарыг нь тандан судлаж, цэрэглэн ирвээс хэрхэн яаж хариу барих арга ухааныг нь хэлж өгсөн Рубрукийг найдваргүй этгээд хэмээн мөрдөн мөшгиж асан гашуун түүх ч бий.

Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир нь Монгол хэмээх ертөнцийн чихнээ дуурсгалтай энэ ард түмний лавтайяа хоёр мянга илүү жилийн түүхийг товчоолсон он тоололын эхэн Сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай учир холбогдоно. Байгаль дэлхийгээ хүнчилж үзэн, эрхэмлэн дээдлэж амь амьдралынхаа эхлэлтэй холбон үздэг нүүдэлчдийн хамгийн урт удаан хугацаанд, тасалдалгүй тэмдэглэсэн нь цор ганц баяр бол он тооллын энэхүү баяр. Хүннү гүрний үед намрын эхэн буюу дунд сард тэмдэглэдэг байсан тухай түүхэн сурвалж бичигт олонтаа тэмдэглэжээ. Хүннү нар мал сүрэг нь тарган цатгалан, идээ ундаа элбэг дэлбэг эл сард олноороо цуглан найр хурим үүсгэн олон өдрийн турш найрлан цэнгэнэ. Ихэс дээдэс найрлаж цэнгэхийн сацуу цэрэг дайн үүсгэх эсэх, алба татвар, хэрэг заргын тухай ярилцан муу сайнаа хэлэлцэн дэг журмаа тогтоолцдог байжээ. Хань улсын олзлогдсон хан хөвүүн Хүннү гүрэнд гурван жил хонь мал хариулан байхдаа энэхүү баярын тухай ийнхүү өгүүлсэн байдаг.

 

-Тэд /хүннү/ хэдэн өдрийн турш баян хоосон, эр эм, хүүхэд намтан ялгалгүй цөм баясан цэнгэв. Улсын хэмжээнд эс баярлах нэгээхэн бээр ч хүн үгүй. Орой үдэш болоход цуурын эгшиг хөндий даяар дуурсаж төрсөн нутгаа эрхгүй санан нулимс залгин зогсов хэмээн тэмдэглэсэн байдаг.

Хүннүгээс Монголын эзэнт гүрнийг хүртэл намрын улиралд Цагаан сарыг тэмдэглэдэг байлаа. Цагаан идээний баяр нэрээр нэршиж он тооллоо тодотгодог байсан уламжлал Чингис хаан 1206 онд бүх нүүдэлчдийн бүх овог аймгийг нэгтгэн Монгол улсаа байгуулах үед их хаан  цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаар өнөөг хүртэл энэ зарлиг эвдэгдсэнгүй. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд үйлдсэн анхны цагаан сарын үеэр Чингис хаан ямар ёслол гүйцэтгэсэн талаар түүхэн эх сурвалжид тодорхой бчижээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн үг хэлсэн байдаг. Үүнээс чинагшхи цагаан сарын баярын тухай Перс, Ром, Хятадын түүхчид тодорхой өгүүлсэн нь бий. 1253 оны Үхэр жил кристийн лам Рубрук Уильям Монголд Францын хааны элч төлөөлөгчөөр айлчлах хугацаандаа Монголын цагаан сарыг үзэж таарчээ. Том дуганд Мөнх хаан, хатантайгаа торгоор ороосон алтан суудалд заларч дуганы голд их гэр хэлбэртэйгээр хуйтай торго, дурдангаар бэлэг овоолон бэлдэж тавьсан байх бөгөөд, Их хаан босч Мөнх тэнгэрийн шашиндаа сөгдөн магтаал хэлээд ёслолын хаалгаар гарахад хааны хатан үлдэж хурсан олонд хувь, бэлэг хүртээж өгөөд, хундага хундгаар жимс, будаан дарс, хул хулаар айраг аяглан бариулахад, олон ард даган баясч хатанд ая дуугаа өргөсөөр хэдэн ч удаа тойрсны дараа эрдэнийн мөнгөн царан дээр эвдэж чанасан хонины бүхэл юугаа булуу цагаан загасан бүхэлтэй дуустал нь тараан дайлсаар найр хавтгайран орой болж, хатан согтож тэргэндээ залрах үед, баясан цэнгэсэн хурсан олон өгөөмөр хатнаа магтан дуулж, хурайлан үдэж өгөхийг харсан гэрч болжээ.

 

Үргэлжлэл бий

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
sain hiisen niitlel baina ene uneheer sain unshdag hun baina daa
2014-01-30
hunnu:
tuuhe sudlaad nom unshad teged olon yum hutsald nohdoo. unen niitlel bn
2014-01-29
....:
unen ch yumuu hudlaa ch yumuu batalgaa baihgui. haa baisan hunnu giin ert deer ueiig 90 on shig yarihgui shuu.
2014-01-29
хунчир:
сонин юм бичиж хүннү түрэгийн түрэмгийлэлээс үүдэж гэнэт монголоос чингис хаан төрөн дэлхийг энх тайвантай эмх замбараатай болгосон цагаан сарын хаврын эхэн сард тэмдэглэхийг үүрэгдсэн гэх алдарт марк пологоо үнэмшихгүй асар өндөр хөгжил юуг шоглон рубрукийг ордоны алиалагчаар нэрлэсэн ч гэх шиг тэгээд амар сайхандаа цэнгээнээр жаргасан гэв ээ цагаан идээний баяр хавар хийдэг овоо гар уу том том найман арван ханатай гэртэй байсан болохоор өвлийн хүйтэнд цагаан сар хийдэг байж дээ бас эрээнээс бараа авч байсан гэж бичих шахаж
2014-01-29
за бүү дэвэр:
их цэнгүүн нь ч юу юм бэ зүгээр уламжлалт баяр уул нь гэр бүлийн баяр юм шүү дээ цэнгүүн гэхээр арай өөр юмыг хэлнэ дэндүү завхарсан баяр болгоод гутаагаад байгаа болохоос уул нь төрөл садангаараа тэмдэглэх сайхан уламжлал юмсан
2014-01-29
badamaa:
chi shu. nice...
2014-01-29
монгол:
хөөе юуны чинь цэнгээн бэ уламжилжлт баяр байлгүй дээ
2014-01-29