Нууц протоколыг ил болгоно
2014-01-29

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр ”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Улаанбаатар хотноо 2007 оны гуравдугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр монголын тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан аж. Харин АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсний дагууу хоёр тал 2010 онд хэлэлцээрийн төслийг анх солилцож, 2011 онд зарчмын хувьд тохиролцсон байна.

 “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.  Улмаар хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-т Нью Йорк хотноо гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа аж.

 

“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн байнгын хорооны хуралдаанаар Японы олон улсын хамтын ажиллагааны /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

5

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг даган уул уурхай, зам, тээвэр, шинэ бүтээн байгуулалт болон аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Гэвч одоогоор манай улсын их, дээд сургууль төгсөгчдийн суурь мэдлэг, практик ур чадвар дутмаг, орчин үеийн үйлдвэрлэлийн стандарт шаардлагыг хангахгүй, олон улсад өрсөлдөх чадваргүй байгаа юм. Тиймээс Засгийн газраас барьж буй үндэсний хөгжлийн бодлого болон бусад холбогдох салбарын бодлогын баримт бичигт бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилт тавьж ирлээ.  Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын  Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирч баталсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ төслийн зорилго нь Монгол Улсад өсөн нэмэгдэж байгаа өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээг хангах, тэднийг чадавхижуулах, инженер бэлтгэх дээд боловсролын салбарт өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, энэ чиглэлээр мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэхэд чиглэж байгаа юм хэмээлээ.

 

Уг төсөлд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүд хамрагдах юм байна. Төслийн хүрээнд баклаврын сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн хосолсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх, Японы их, дээд сургуулийн магистр болон докторын зэрэгт болон зэргийн бус сургалтуудад багш нарыг сургах, дотоодын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, хоёр орны их, дээд сургуулиудын хооронд хамтарсан судалгааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 Зээлийн нийт дүн 75 сая ам.долларын хөрөнгийг жилийн 0,2 хувь хүүтэй, 20 жилийн хугацаанд буцаан төлөх агаад үүнээс эхний 6 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.  Энэ онд эхэлж 2023 оны гуравдугаар сард дуусах эл төслийн хүрээнд хос хөтөлбөр буюу эхний хоёр жилийг Монголдоо, үлдсэн хоёр жилийг Японд суралцаж төгсөх хөтөлбөрт 320 оюутныг хамруулахын зэрэгцээ Япон улсад магистрын сургалтад 100 багш, докторын сургалтад 60 багшийг хамруулах аж. Мөн зэргийн бус буюу урт, богино хугацааны сургалтыг 321 удаа зохион байгуулж, мэргэжлийн сургуульд 200 оюутныг илгээж суралцуулах, хоёр талын хамтарсан 20 судалгаа хийхээр төсөлд тусгажээ.

 Ингээд Японы олон улсын хамтын ажиллагааны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.  Мөн өдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

 

УИХ дахь АН-ын бүлгээс Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонгогдсонтой холбогдуулан өөрийн нь хүсэлтээр тус дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Г.Батхүүг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах, мөн УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Дэмбэрэлийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал ирүүлснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.   Дараа нь Нууц Протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн юм. Хаалттай хэлэлцсэн асуудлын талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатараас тодруулахад:

-Өнөөдрийн байнгын хорооны тухайн үеийн ЗХУ-тай байгуулсан нууц протоколыг ил болгохоор хэлэлцлээ. Ингэснээр Монголд байгаа ОХУ-ын өмч болох  Улаанбаатар, Дарханд байгаа 10 гаруй орон сууцны асуудлыг шийдвэрлэх юм.  Мөн зарим нэг объектууд хамрагдана. Тухайлбал, “Талх чихэр”-ийн, Гаалийн, МУИС-ийн, Ээрмэлийн ажилчдын орон сууцнуудыг анх зөвлөлтийн мэргэжилтэнд зориулж, газар олгогдож, тухайн үеийн ОХУ-ын хөрөнгөөр баригдсан боловч сүүлийн 20 жил өмчлөлийн эзэн тодорхойгүй байсан. Үүнийг нууцын протоколоор хийсэн учир тухайн үед хоёр улс хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй. Засвар үйлчилгээ хийгдээгүй учир хүн амьдрахад хүртэл хүндрэлтэй болсон. Хамтын ажиллагааны үр дүнд, ОХУ-аас санал авсны үндсэн дээр хугацаагүй, нууц протоколыг ил болгож байна. Ялангуяа монголын иргэдийн асуудал шийдэгдэж байгаа юм гэлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин