Боловсролын салбарыг будилуулсан долоо хоног
2014-02-16

Монголын боловсролын салбар дээр, дооргүй доройтсоныг харуулсан олон үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг шүүхээс түтгэлзүүлж, хууль бус үйлдлийг нь илчилсэн бол Архангай аймгийн Засаг дарга сургуулийнхаа багш нарыг хоморголон халсныг нийслэлд ирж мэдэгдэв. Үүнээс илүү сюрприз болсон нэг үйл явдал бол боловсролын салбарын шийдвэр гаргагч Б.Насанбаярын хуудуутай үг байлаа. Тэрээр үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа “..уран зохиолын хичээлийн агуулга нь хүнд учраас бүх хичээлийн агуулгад орж байгаа. Хүүхэд уншиж, ялгаж салгана гэдэг нь суурь чадвар. Иймд энэ хичээлийг нэг хичээлийн төрлөөр биш бүх хичээлийн агуулгад багтаах бодлого барьж байгаа” хэмээн ярьсан нь өөрийнх эсрэг бослого гаргах шахав. Бүр салбарыг сайдыг нь сандаргаж, яаран хэвлэлийн хурал хийх шалтиг болов. БШУЯ-ны сайд Л.Гантөмөр “Уран зохиолын тухай мэдээ бол үнэхээр ташаа мэдээлэл. 70 цагийг уран зохиолын хичээлд зориулж байгаа. Ер нь бол монгол хэлийг сурахдаа хэрэглээ талаас нь суралцах тухай тайлбар өгснийг нь буруугаар ойлгосон юм билээ. Уран зохиол бол Монгол хэлний хичээлийн суурь нь болж явна, монгол хэлний үгийг ойлгодог ойлголтыг ашиглахдаа уран зохиолын хичээл чухал л гэж тайлбарласан юм байна лээ. Уран зохиолыг хасна гэсэн ойлголт хаана ч байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ямартай ч ам алдвал барьж болдоггүйн “ачаар” хангалттай хараалгасан Б.Насанбаяр дарга яамны бодлогоо ихээхэн тунгаасны эцэст ярих ёстой сургамжийг авсан биз ээ.

хххх

Төрийн хөрөнгөөс хумслагчид ял авав

 “Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид гурван өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Гурван өдөр тунгаасан шүүх бүрэлдэхүүн зургаан цаг гаруй зөвлөлдсөний эцэст Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэмээн үзэв. Түүнийг “Цэвэр агаар” сангийн захирлаар ажиллаж байхдаа нийслэлийн утааг багасгахаар улсаас төсөвлөсөн мөнгөнөөс албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний буюу 5 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзсэн юм.  Тиймээс шүүгдэгч Н.Хүрэлсүхэд найман жилийг чанга дэглэмд, нягтлан М.Хуланд жирийн дэглэмд долоон жил, няраваар ажиллаж байсан Х.Болдмаад жирийн дэглэмд 5.1 жилийн хорих ял, аудит Б.Даваабаатарт 5.1 жил, БОЯ-ны санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан Д.Цэцгээд 8 жил жирийн дэглэмд, Чимэд-Эрдэнэ 5.1 жил жирийн дэглэмд хорих ялыг ногдуулав. Харин шүүгдэгч Б.Алтантуяад нэг жилийн хугацаагаар тэнсэн, хянан харгалзах ял оноосон байна.

хххх

Олимпийн сонин

Хойд хөршид болж буй өвлийн олимп ес дэх өдрөө үргэлжилж байна. Тамирчдаас илүү дагалдан яваа дарга нараараа илүүрхсэн Монголын багийн тэмцээн өндөрлөж, олимпод амжилттай оролцсон гэсэн тодорхойлолттойгоор эх орноо зорих болов. Эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд уралдсан Ч.Отгончимэг 70 дугаар байранд орж, таван улсын тамирчныг ардаа орхив. Харин эрэгтэйчүүдийн цанын 15 км-ын зайд Б.Бямбадорж олимпийн наадмын долоо дахь өдөр гараанд гарав. Тэрээр 48:29.6 минутийн амжилтаар 80 дугаарт барианд бичигдэж, олимпийн тэмцээнийг дуусгав. Нийт 87 тамирчин гараанаас гарснаас Швейцарийн Дарио Колонья 38:29.07 хугацаанд барианд орж, алтан медалийн тавцанд зогсох эрхээ авсан юм.

ааа 

Гологдсон нэмэгдэл

Монгол Улсын Засгийн газраас өндөр настнуудын тэтгэврийг нэмнэ гэж он дараалан шоудсаны эцэст нэмэгдлээ өгсөн ч ахмадуудын сэтгэлд хүрсэнгүй. 15-28 хувиар нэмсэн гэж байгаа ч үнэн хэрэгтээ нүд хуурсан сүржигнэл болсныг ахмадууд хэлж байгаа юм. Тэдний хэлж буйгаар тэтгэврийн доод хэмжээ буюу 180 мянган төгрөгийн тэтгэвэр 207 мянга болж 15 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 145 мянган төгрөгийн тэтгэвэр 172 мянга болж 18.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр нэмэгдэл болжээ. Харин 201-600 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 22 мянган төгрөг нэмснээр 3.7-11 хувийн, 601-800 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 20 мянган төгрөг нэмсэн нь хоёрхон хувийн нэмэгдэл болж байгаа аж. Хэдийгээр бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэрт илүү нэмэгдэл шингээсэн гэж байгаа ч энэ нь тэдний магнайг тэнийлгэх хайр халамж болж чадаагүй бололтой, ахмадууд баярласангүй.

ааа

Дээсэн дөрөөн дээрх хэрэглээ

Орост ханиахад Монголд найтаадаг гэдэг шиг шатахуун нэмэгдэнгүүт талхнаас эхлээд амин зуулгын бүхний үнэ ханш тэнгэрт хадаж, сард авдаг хэдээс хувь илүү хэрэглээ биднийг дарамталдаг. Энэ бичигдээгүй хууль өнөө ч хэрэгжих бололтой. Шатахууны ханш литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдэж, нийтийг халаглалд хүргэв.  “Петровис” ХХК-ийн ШТС-уудад А80 шатахууны үнэ литр тутамдаа 1550 төгрөг, АИ-92 1660, АИ-95 шатахуун 1890, дизель түлш литр тутамдаа 1790 төгрөгөөр борлуулагдаж эхлэв. Харин Шунхлай, Сод Монгол зэрэг импортлогчид үнээ нэмэхгүй, бага ч атугай сэтгэл тэнийх шалтгаан болов. Гэвч энэ баярт тохиолдол хэдий хүртэл үргэлжлэхийг олон нийт мэдэхгүй. Хэдхэн импортлогчдын гарт бидний хэрэглээ эргэлдэж, тэр нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг болохоор бат итгэх хэцүү. Харин энэ удаагийн нэмэгдэлд Засгийн газар огтхон ч анхаарал хандуулахгүйгээ Ерөнхий сайд дуулгасан. Тэрээр 10, 20 төгрөгийн хэлбэлзэлийг Засгийн газар барихгүй гэж мэдэгдсэн. Нэг үгээр хэлбэл бага хэмжээний нэмэгдэлд Засгийн газар гараа хөдөлгөхгүй гэдгээ тов тодорхой хэлсэн. Тиймээс нэмэгдэл цааш бүү үргэлжлээсэй.

ххх

В.Бат

   
Shuud.mn
Сонин хачин
зочин:
тэр хулан гэж жинхэнэ хор наируулдаг авгаид ямар бага ял өгсөн тэр хэдэн тэр бум төгрөг идсэн хятад монголын бөөгөөр бүхнииг диилдэг аимаар авгаи гэсэн идсэн уусан мөнгөөр зохиол гараад ирнэ тэр аимаар авгаид бол асуудал биш шүү дээ манаи хуульч гэж гууль болсон юмдаа ...........тэр яахаараа бүгдииг злхицуулацахаад 7хон жил авдаг баина гаихалтаи жинхэнэ хутган үимүүлэгч гээ биздээ.........
2014-02-17
hal hal:
ter nasanbayriig ni haklcheech dee tegeed l boloo uym bishuu
2014-02-17