Үндсэн Хуулийн дагуу хөрөнгө чинээтэй хэн бүхнийг хомроголон устгаж эхэлжээ
2011-01-13

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр.   Ардын Их Хурал   1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталсны сацуу  энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргаж байв.  Тийнхүү   түүхэндээ   дөрвөн удаа Үндсэн хууль баталж үзсэн Монголчууд 19 дэх жилдээ Үндсэн хуулийн өдөртэйгөө золгоод байна.

1992 оноос өмнө  баталсан  өмнөх гурван Үндсэн хуулийг   социалист маягийн хууль гэж тодотгодог.  Гэхдээ өдгөө бидний даган мөрдөж буй   1992 оны шинэ Үндсэн хуульд ч  өөрчлөлт хийх шаардлагатай  байна   гэх  хандлага   гарах болсон.

Тэгвэл Үндсэн хуулийнхаа  мөн чанарыг гаргаж, Үндсэн хуульдаа нийцүүлж органик болоод бусад хуулиа  боловсронгуй болгож явах ёстой гэсэн байр суурьтай хуульчид ч байна.  Мөн  Монголчууд 100 хүрэхгүй жилийн дотор дөрвөн Үндсэн хууль батласан байхад     АНУ-ын Үндсэн хууль  200 гаруй жил наслаад буйг,   ер нь  Ардчилал хөгжсөн орнууд   Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад 60-аад жил болж байгааг  ч  хэлдэг.  Тэгэхээр Монголчуудын  хувьд   хүндэтгэлтэй энэ  өдөр 1924 оны Үндсэн хуулийн талаар түүхэнд хэрхэн үлдсэн байдгийг толилуулъя.

1924 оны “Үндсэн хууль”ийн түүхийн асуудал 1911-1912 онд Монголд Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгал ялснаар  Монгол Улс хүн төрөлхтний жам ёсны урсгалаар хөгжих болж капиталист нийгэмд шилжин орох эхлэл тавигджээ.

Монгол улс хөрөнгөтний замаар улс орноо хөгжүүлэх болсон нь засаглалын хэлбэрийг өөрчлөхийг зүй ёсоор шаардах болов. Дэлхийн олон оронд төрийн хэргийг шийдэхэд ард түмний саналыг төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан авах парламентын ёс нэгэнт тогтсоныг Монголын Засгийн газар хэлэлцэн үзэж үндсэн хуульт хөрөнгөтний Бүгд Найрамдах засаглалыг тогтоож Улсын хурлыг байгуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Богд хааны зарлигаар хөгжингүй орнуудын “Үндсэн хууль” бусад холбогдох эх сурвалжийг орчуулах ажил өрнөснөөр Англи, Америк, Япон, Норвеги улсын үндсэн хуулиудыг орчуулан1 бэлэн болгосон байдаг. Эдгээр улсын үндсэн хуулийг сонгон авч орчуулсан нь санаандгүй зүйл байсангүй гол нь Үндсэн хуультай хэмжээт эрхт Хаантай улсын Үндсэн хууль агуулга, хэлбэрийн хувьд ямар байх ёстойг нягталсан хэрэг байв. Үндсэн хууль боловсруулах бэлтгэл ажил шувтарсанаар 1914 онд Монгол улсын Үндсэн хуулийн төсөл бэлэн болжээ. Уг төсөлд Улсын дээд доод хурлын эрх үүргийн талаар тодорхой заасны дээр хааны эрхийг дээд хурлаас хянах, дээд хурал самуурах аваас хаан дээд хурлыг тараах хүртлэх эрхийг олгосон байдаг. Хэмжээт цаазат засаг төрийг байгуулах асуудал уг төсөлд тов тодорхой тусгагджээ. Төслийн “нэгэн зүйл”-д зааснаар “Улсын дээд эрхийг эзэрхэгчид хэн билээ хэмээвээс нэгд, болвоос улсын хаан эзэн, хоёрт, улсын хурал, гуравт, улсын их яамдын тэргүүн сайдууд болой. Хэрэв энэ гурав санал нийлж үнэн шударгуугаар улсыг засваас… улс мандахад бэрхгүй. Хэрэв энэ гурав улсын хэргийг мэргэнээр шийтгэхгүй ба үл хичээх болбоос хүчирхэг улс ч буурай болон мөхөхөд хялбар”2 гэжээ. Уг Үндсэн хуулийн төсөлд хувийн өмчийг хамгаалах, олон ардад үг хэлэх эрх чөлөө, нэр нийлж  хоршоо, нам, хороо байгуулах эрх, хүн бүрт алив хэргийг цугларан хэлэлцэх, шүүмжлэх, сонгох сонгогдох эрхийг бүрнээ олгосон ардчилсан шинжтэй Үндсэн Хуулийн төсөл байв.

Дээрхи Үндсэн Хуулийн төслийг хэлэлцэн баталсан эсэхийг нягтлан үзүүштэй байгаа юм. Ямартаа ч уг Үндсэн Хуулийн төслийн дагуу 1914 онд Богд хааны Засгийн газрын дэргэд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурал байгуулагдсанаар Монгол улсад ардчиллын эхлэл тавигджээ.

1919 онд Монголд Хятадын цэрэг түрэмгийлэн орж ирсэнээр Үндсэн хуулийн асуудал хойш тавигдаж Дээд, доод хурал ч татан буугджээ. 1921 онд Монголд хөрөнгөлөг ардчилсан хувьсгал ялснаар Хэмжээт эрхт хаант засаглалыг тогтоох, Үндсэн хуулиа шинэчлэн засварлах ажил эхэлсэн байна.

1921 оны 8 дугаар сард Засгийн газар хуралдаж 1 жилээс хэтрэхгүй хугацааны дотор Үндсэн хуулийг бэлэн болгож УИХ-ыг зарлан хуралдуулах тухай тогтоол гаргав. Монгол улсын цаашдын хувь заяа шийдэгдэх энэ чухал хуулийн төслийг Ерөнхий сайд Д.Бодоо, эрдэмтэн Ж.Цэвээн нар тус тусдаа боловсруулсан байдаг. Д.Бодоогийн боловсруулсан “Монголын хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль” төслийн 6 бүлэг 27 зүйл, Ж.Цэвээний төслийн ердөө 24 зүйл архивт хадгалагдан үлдсэн байна. Ардын засгийн газраас 1921 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гаргасан “Тангаргын гэрээ”-г Үндсэн хуулийн нэг хэсэг мөн гэдгийг Д. Бодоо, Ж.Цэвээн нар төсөлдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Д.Бодоо, Ж.Цэвээн нарын Үндсэн хуулийн төсөлд Ардын эрхтэй хэмжээт цаазат засаг тогтоох, ард түмнийг өмчтэй өмчгүй гэж анги болгон хуваагаагүйн дээр өмч хөрөнгөтэй хүмүүсийн сонгох сонгогдох эрхийг нь хасах тухай үг үсэг байхгүй байгаа нь агуулгын хувьд хоорондоо зөрчилдөх зүйлгүй байгаа юм. Уг 2 төсөл 1914 онд Ерөнхий сайд Намнансүрэнгийн удирдлага дор боловсруулагдсан төсөлтэй ч агуулгын хувьд нэг байгаа нь 1911 оноос баримталж байсан улс орны хөгжлийн хэтийн төлөвт ямар нэгэн өөрчлөлт ороогүйтэй холбоотой байсан юм.

1921 оны хөрөнгөлөг ардчилсан хувьсгалын дараа Монгол Улс оршин тогтнохын хувьд Швейцар мэт төвийг сахисан улс байх, дотоод гадаад худалдааг хөгжүүлэх, олон их бага улстай харилцан гэрээ болзоо тогтоон ажиллах Герман, Орос, Америк, Рибин, Хятад, Англи зэрэг улстай ашигтай ажиллах улс орноо хүчирхэг болгохын тулд буриад торгууд, дотоод монгол, баргын зэрэг монгол үндэстнээ дуртай аваас оруулан авах, гадаад улсуудад залуучуудаа сургахдаа хамгийн хөгжилтэй боловсронгуй оронд сургах, хувийн өмчийг зүйл бүрээр хөхүүлэн дэмжих зэрэг бодлогыг3 Монголын засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байв. Тухайлбал, улс орнуудын боловсролын төвшинг харьцуулан

Аль улс         Хэдэн хүнээс             Бичиг үсэггүй хэд

Герман         10 000                    4 Англи         10 000                       10 Орос             10 000                    7000

байна хэмээн  үзэж эрдэм соёлоор тэргүүлж байгаа  Франц улсад эдийн засагчийн мэргэжлээр 5, Герман улсад 30 хүнийг төрөл бүрийн мэргэжлээр сургахаар явуулжээ. Эдгээр 35 оюутны ихэнхи нь хэлмэгдсэн хэдий ч үнэхээр эрдэм боловсролоор тэргүүлж явсан орнуудад сурч байсныхаа хувьд Монголын хөгжил дэвшилд үнэлж барахааргүй хувь нэмрээ оруулсан юм.

Мөн Монгол улсад хувийн пүүс компани болон гадаад худалдаа, мөнгө хүүллийн эдийн засгийн хэвшлийн өсөлт харьцангуй түргэн байв. Тоо баримтаар үзүүлбэл:

Улс    1922         онд    1923 онд    1924 онд Нийт  пүүс компани    1131    1941    2325 Монгол    263    344    801 Англи Америк Герман    5    26    62 Хятад    863    1571    1462

*П.Лувсандорж. БНМАУ-ын эдийн засгийн зангилаа асуудал. УБ. 1980. х.66/

Монгол Улс ийнхүү зах зээлийн эдийн засгийн замыг сонгож хувийн жижиг, том өмчийг чөлөөтэй хөгжүүлж байсан нь улс орноо хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг замаар  хөтлөх, шуудхан хэлэхэд хөрөнгөлөг нийгэмд аажмаар урган орох чигийг агуулж байв.  Ийм нөхцөлд Монголын Засгийн газраас шинэ мөнгөн тэмдэгттэй болох шийдвэр гарснаар 1921 онд 2 сая 452 мянган долларын (төгрөгийн) дэвсгэртийг ЗСБНХОУ-д захиалан хэвлүүлсэн байдаг. Монголын анхны мөнгөн тэмдэгтийг гаргахдаа  төгрөг хэмээн нэрлэсний зэрэгцээ доллар хэмээсэн нь Монголын эдийн засгийг олон улсын зах зээлтэй холбох зорилготой байв.  Эдгээр мөнгөн тэмдэгтүүд дээр хас тэмдгийг сүлд болгон хэрэглэснээс үзэхэд Монголын хувьсгалын удирдагчид аливаа асуудалд монгол сэтгэлгээ, монголын гэсэн байр сууринаас хандаж байжээ гэмээр байдаг.

Мөн МАН-ын болон үүр салбаруудын тамгыг бүтээхдээ таван хошуу биш Монгол улсын бат бэхийг бэлэгдсэн соёмбо тэмдэг болон хас тэмдгийг хэрэглэж байв.

Монгол Улс хүн төрөлөхтөний  хөгжлийн замаар эргэлт буцалтгүй орсон түүхэн зурвас энэ үед Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийн  төсөл боловсрогдож  бэлэн болсон байна. Бэлэн болсон 2 төсөл Монгол улсын хөгжлийн хэтийн төлөвийг хуульчлан батлах чухал баримт бичиг болж байв. Ж.Цэвээний төсөлд: Монгол улсын хурал ба ардын засгийн газрын тухай

1.    Монгол улс болбоос ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулна. 2.    Монгол улсын харъяат ард түмний сонгож олсон төлөөлөгчид чуулж бүх улсын хуралдаан байгуулан бүх улсын дээд эрхийг барьна.

Богд хааны тухай 3.    Жавзандамба хутагтын наймдугаар дүрийг Монгол улсын хэмжээт эрхт Богд хаан хэмээн өргөмжилнө.

Ард түмний эрх үүргийн тухай 8. Монгол Улсын засаг нь ардын эрхт олон ард түмний хувийн эрх чөлөөг хүндэтгэн үзэж хэн хүмүүн нар нуулгүйгээр өөрийн санасныг аман үгээр ба бичиг дэвтрээр хэвлэн гаргаж олонд тараахад хуучин хэвээр чөлөө эрхтэй байтугай. Гагцхүү улс төр ба олон түмний ашиг тус, эрх мэдэл, дүрс байдалд хорлолтой  зүйлийг гаргаваас тухайд тогтоосон дүрмийн ёсоор шийтэгсүгэй.

9. Ард түмнээр санал хүчин нийлж нам, хоршоо, бүлгэм, үүр зэргийг байгуулах ба хуралдан чуулж аливаа хэрэг учир шүүмжлэх аваас тухайд тогтоосон дүрмийн ёсоор эрхээ чөлөөтэй эдэлтүгэй. Гагцхүү улс төрд харштай зорилго явдлыг гаргаж болохгүй.

11. Монголын харьяат эл бүгд дээд дорд эрхтэн дархтан, лам хар, хэмээн ялгаварлахгүй нэгэн адил үзэж цөм улс төр орон нутгийн алба үүрэг ба  эрх чөлөөг тэгш эдэлнэ”5 хэмээсэн байхад Д.Бодоогийн “Монгол хэмжээт засагтай ард улсын үндсэн хууль” төсөлд:

Нэгдүгээр бүлэг. Богд хааны тухай зүйлүүд Гуравдугаар зүйл. Богд хаан хэмжээт засагт ард улсын хаан тул, тус улсын алив хэргийг Засгийн газрын ерөнхий товчоогоор дамжуулан гүйцэтгүүлэвээс зохино.

Хоёрдугаар бүлэг. Ардын эрх ба үүргийн тухай Аравдугаар зүйл. Монгол ард хэн ч болов хуучин эрх чөлөө, заншилаа эдлэхээс гадна сонгон хэрэглэхүйд нийлэлдэх эрдэм явдал буй бөгөөс бичиг цэргийн их тушаал ба бусад ямар ч албанд орж болно.

Арванхоёрдугаар зүйл. Монгол ард өөр өөрийн хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгийг эдлэх эрх буй. Гагцхүү тогтоосон хууль ёсоор албан татварыг хураалгаваас зохино.

Арвангуравдугаар зүйл. Монгол ард гагцаар буюу олноор нэр нийлж өөр өөрийн эрх ашгийг дэлгэрүүлэх бодлого гаргаж дээд газар өргөн мэдүүлэх эрх буй. Гагцхүү улсын хууль зөрчих ба захиргаанаас тогтоож үл болно.

Арвантавдугаар зүйл. Монгол ардуудыг хуулийн гадна зоримогоор барьж хорих ба гянданд хийх буюу орон нутгаас үлдэн хөөх хийгээд нэрийг нь гутааж доромжилбоос үл болно.

Арванзургадугаар зүйл. Монгол ард хэн болов улс төрийн хэргийг сайжруулах зэргийн санал гаргаж цугларан хэлэлцэх ба нам, хоршоо байгуулах эрх буй”6 гэснээс үзэхэд дээрхи хоёр төсөл нь Марксист онолоос ангид хувийн өмч, хүний эрх чөлөөг бататган хамгаалсан ардчилсан шинж чанар бүхий хууль болсон байна.

Монгол Улсын энэхүү ардчилсан Үндсэн хуулийн эсрэг Зөвлөлт Орос Улс хүч түрэн цуст тэмцлийг эхлүүлжээ. Марксист онол  бүхий Үндсэн хуулийг батлуулах гэсэн тэдний тэмцэл  төрийн эргэлт болон хувирсан юм.

1922 оны 1 дүгээр сард Бодоог намын гишүүнээс нь хөөж, Ерөнхий сайдаас нь  буулгаж улмаар зохиомол хэрэг үүсгэж 1922 оны 8 дугаар сарын 31-ны өдөр үүрийн 5 цагт 14 хүний хамт буудан хороожээ. Ардын засгийн анхны сайд Чагдаржавыг уг хилс хэрэгт хамруулан егүүтгэв.

Д.Бодоог зайлуулах гэсэн Оросуудын шахалтаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 1922 оны 5 дугаар сарын 19-нд Шүүх яамны сайд Магсаржаваар ахлуулсан төсөл боловсруулах ажлын хэсэг томилогдсон байна. Магсаржав нь мөн л ардчилсан агуулга бүхий үндсэн хуулийн төсөл боловсруулах болсонд дургүйцэж хилс хэрэгт унаган сайдаас нь огцруулж, шоронд хорьж Үндсэн хуулийн төслийн ажлаас нь бас л зайлуулжээ. Оросоос тулгаж буй социализмыг эсэргүүцэгчдийн эгнээнд Богд хаан, Д.Сүхбаатар, С.Данзан гээд төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэрс хөвөрсөөр байв.  1922 оны 12 дугаар сард жанжин Сүхбаатар орон тооны цомхотголоор Цэргийн Яамны сайдаас халагдаж,  1923 оны 2 дугаар сард Цагаан сарын баяраар 30 настай Д.Сүхбаатар гэнэт нас барав. 1924 онд  С.Данзанд зохиомол хэрэг үүсгэн нэг ч байцаалт авалгүй, гэртээ унтаж байхад нь орос цэргүүд, 3 монголыг дагуулан очиж баривчлан буудаж алав. Энэ ондоо Богд хааныг яаравчлан үгүй хийв. Монголын төр эзгүйрэв. Энэ боломжийг ашиглан 1924 оны 10 дугаар сарын 24 ний өдөр Засгийн газрыг хуралдуулж Үндсэн хууль зохиох комиссийг Б.Цэрэндорж, Элбэгдорж Ринчино, П.Всевятский, Гомбобадамжав, Ж.Цэвээн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 сарын 8-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлснээс үзэхэд Үндсэн хууль ямар хугацаанд боловсрогдсон нь тодорхой байгаа юм. 1924 оны 11сарын 2-нд Рыскуловын бичсэн илтгэлд дурьдсанаас үзэхэд Үндсэн хууль 7 хоног хүрэхгүй хугацааны дотор бэлэн болсон хийгээд ерөөс урьдчилан бэлтгэсэн бэлэн хуулийг баталсан байдаг.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутанд анхдугаар их хурлын 14 дүгээр тогтоолоор марксист онолыг тунхагласан “Үндсэн хууль” батлагдсанаар   социализмын замд саад болох бүгдийг  хүчирхийлэн устгах нөхцлийг хуульчлан батлаж өгчээ.  1911 оноос эхтэй Монголын ардчилсан Үндсэн хуулийн түүх энэ өдрөөр цэг тавигдсан юм.

Хүчээр тулган батлуулсан 1924 оны “Үндсэн хууль”-д марксист онолын дагуу Монголын ард түмнийг 2 ангид хуваав.   Уг хуулийн “Монголын ЖИНХЭНЭ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” нэгдүгээр бүлэгт  жинхэнэ ард, жинхэнэ бус ард гэж хуваасан байдаг. Мөн онолын амин сүнс болсон хувийн өмчийг устгах талаар :

“Нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйл. БНМАУ-ын хязгаарын дотор бүхий  газар ба уурхай хийгээд ... энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай ХУВИЙН ӨМЧ БАЙГУУЛЖ ҮЛ БОЛНО.

Дөрөв. Улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухал болгон...ГАДААДТАЙ ХАРИЛЦАХ ХУДАЛДААГ УЛСЫН ОНЦ ЭРХ БОЛГОН АВАХ НЬ ...АРДЫН ЭРХТ ЗАСГИЙГ БАТАТГАХАД ЧУХАЛ НӨХЦӨЛ БОЛОХ ТУЛ ЦӨМ УЛСААС ЭРХЭЛБЭЛ ЗОХИНО.” хэмээжээ. Жинхэнэ бус ардын эсрэг тэмцлээ сонгох сонгогдох эрхий нь хассан заалтаар баталгаажуулсан байдаг. Тухайлбал: Дөрөвдүгээр бүлгийн “Сонгох сонгогдох эрхийн тухай” хэсгийн  35 дугаар зүйлд, “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд СОНГОГДОХ ЭРХГҮЙ ХҮМҮҮС НЬ:

Нэг. Ямагт АШГИЙГ ЭРМЭЛЗЭХ, БУСДЫГ ЗАРЖ АМЬДРАГЧИД

Хоёр. Ямагт БУСДЫГ ХӨЛСЛӨН ЗАРАХ БА ХӨРӨНГӨ ОРЛОГО ЗЭРГИЙН ҮРЖЛЭЭР АМЬДРАГЧ ЖИНХЭНЭ ХУДАЛДААНЫ БА МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД.  Гурав. УРЬДЫН ВАН, ГҮН БА ХУТАГТ ХУВИЛГААД, ЖИЧ ОРОН ХИЙДЭД ҮРГЭЛЖ СУУХ САНВААРТАН ЛАМ НАР.”7 гэжээ. Ийнхүү Марксист онолыг баримталсан Оросын Үндсэн хуулийн хувилбар Монголд орчуулагдан батлагдсанаар  хоорондоо эвлэрэшгүй зөрчил бүхий хоёр анги монголд зохиомлоор бий болж хувийн өмчтэй хэн  боловч ардын дайсан хэмээгдэн их хэлмэгдүүлэлтэд өртөх нөхцөл бүрэлджээ .

Энэ Үндсэн хуулийн заалтын дагуу  Монгол төрийн Шар хамбан туг нь улаан туг, Нийслэл хүрээ  нь Улаанбаатар болж  , 1925 оны 3 дугаар сарын 7-9 ний хооронд хуралдсан НТХ-ны  III сарын бүгд хурлаар МАН-ыг МАХН болгох шийдвэр гарч, ардын намд хувьсгалт  цэвэрлэгээ хийж, МАН-ын программ дүрмийг хүчингүй болгож Коминтернээс бэлдсэн коммунист программ дүрмийг батлуулжээ. Улмаар 1929 оноос Үндсэн Хуулийн дагуу өмчтэй язгууртнуудын хөрөнгийг хурааж ,лам нар хөрөнгө чинээтэй хэн бүхнийг хомроголон устгаж эхэлсэн юм. 1924 оны Үндсэн хууль их хэлмэгдүүлэлтийн эрх зүйн орчныг баталгаажуулсан хууль байв уу.

Shuud.mn
Сонин хачин
loli doli:
yg heregtei ym bichq yma myy site ve
2014-02-19
erdenebat:
fhsdusghjsdgysd
2013-10-16