Марион Котильярд: Бүгдийг нь алчихмаар санагдах үе ч гардаг
2011-11-19

Францын алдарт дуучин Edith Piaf-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “La Vie En Rose” хэмээх кинонд түүний дүрийг гайхалтайгаар бүтээж, 2008 онд Америкийн кино академийн дээд шагнал Оскарыг хүртэж байсан  францын нэрт жүжигчин бүсгүй Marion Cotillard-ын сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. -Алдарт дуучны тухай кино хийхээр төлөвлөж байх үедээ л найруулагч тань таныг сонгочихсон байсан гэсэн. Энэ үнэн үү? -Би киноны зохиол бичигдэхээс жилийн өмнө энэ талаар сонссон л доо. Нэг өдөр төлөөлөгч маань над руу утасдаад, алдарт дуучин Edith Piaf-ын тухай кино хийх гэж байгаа тухай ярьж, уг киноны найруулагч Oliver Dahan киноныхоо гол дүрд намайг сонгох хүсэлтэй байгаа тухай хэлсэн юм. Тэр үед зохиол нь ч бичигдээгүй байсан учраас би энэ кинонд нэг их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн. Харин жилийн дараа энэхүү гайхамшигтай киноны зохиолыг Oliver бичиж дуусмагцаа над руу явуулсан юм. Тэгээд л би найруулагчтайгаа уулзаж энэ бүх зүйл эхэлсэн юм. -Зураг авалтын үед шантармаар, тоглоход хэцүү тийм хэсэг байсан уу? -Огтхон ч үгүй. Гэхдээ би зохиолоо уншиж дуусаад ийм агуу дүр бүтээх болсондоо итгэж чадахгүй байсан. Гэхдээ энэ шантарсан хэрэг огт биш. Зүгээр л “Би 47 настай бүсгүй болж хувирах боломж байгаа болов уу?” гэж бодож байсан. Өөрийн авьяас, чадварыг хүмүүст огт өөрөөр нээж харуулахыг маш их эрмэлзэж, тэмүүлж байснаас биш халширч, эргэлзэж байсан үе огтхон ч байгаагүй. -Энэхүү дүр танаас бие болоод сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт, хувиралт шаардсан хэцүү дүр байсан гэдэгтэй санал нийлэх үү? -Мэдээж гадаад төрхийн хувьд залуу бүсгүйгээс хөгшин эмэгтэйн дүрд хувирна гэдэг хэцүү. Амьдрал дээр ч би өөрийгөө 47 хүрчихсэн байхдаа ямар болох бол гэдгээ төсөөлж байгаагүй юм чинь. Тэгээд хамгийн гол нь тэр бол алдартай, бодит хүн. Түүхэн хүний дүрийг нэг ёсондоо амьдралынх нь бүх л үед очсон мэт бүтээнэ гэдэг тийм ч хялбар бус. -Edith-ийн хөгширсөн үеийн зураг авалтын үед нүүр хувиргалтын ажил ихээхэн хөдөлмөр шаардсан тухай? -Тийм ээ, нүүр хувиргалтаас гадна биеийн галбираа өөрчлөх гэдэг том асуудал гарч ирнэ. Би энэ дүрийг бүтээхийн тулд хөмсгөө хуссан. Нүүр болон биедээ хиймэл материал нааж, гадаад төрхөө өөрчилж байлаа. Киноны төгсгөлд хэдхэн шаргал үстэй, халзан толгойтой болчихсон хэсэг хүртэл гардаг шүү дээ. Энэ бүх гадаад байдлыг бий болгоход ямархуу байх нь танд төсөөлөгдөж байгаа байх. Үргэлж тонгойж бөгтийсөөр мөр, хүзүү минь хөшчихсөн байх үе ч гардаг байсан. Хааяа эргэн тойронд баахан хүн шавчихаад, хэдэн цагаар энд тэндээс чинь нэг нь нүдийг чинь, нэг нь хамрыг чинь гээд л янзлаад байхаар үнэхээр уур хүрмээр. Бүр бүгдийг нь алчихмаар санагдах үе ч гардаг байлаа. /Инээв/ -Кинонд гардаг дуунуудыг бүгдийг нь та өөрөө дуулсан уу? -Харамсалтай нь үгүй. Яагаад гэхээр тэр үргэлж ууна тэгсэн хирнээ яг л чөтгөр шиг адтай дуулдаг шүү дээ. /Инээв/ Би нэгхэн хэсгийн дууг л дуулсан. Тэгтэл намайг дуулуулахгүй байхаар шийдсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй л дээ. Харин би хувьдаа тэр хэсгээсээ илүү сайн дуулж чадна гэж бодож байсан. Даанч харамсалтай нь “ам барих”-аар болсон. Энэ үнэхээр хэцүү, үнэхээр шүү. Түүний дуулах арга барил өөрийн гэсэн онцлотой. Тэрэнд нь тааруулж, огтхон ч зөрөхгүйгээр “ам барина” гэдэг маш их чадвар, дасгал сургуулилт шаардаж байсан. Гэхдээ үүнийг төгс төгөлдөр хийж чадаж байж л кино маань жинхэнэ утгаараа амьдрах байсан учраас өөрийн хамаг хүчээ л шавхсан. -Edith Piaf-ын дуунуудаас та сонсох дуртай юу? -Тэгэлгүй яахав. “Padam, Padam”-д нь хамгийн дуртай . Өөр нилээд хэдэн дууг нь сонсох дуртай. -Энэ дүрийг амилуулж чадсан нууц? -Би түүнийг хуулбарлан дуурайх гэж оролдоогүй. Би түүнийг дотроос нь мэдэрч, ойлгохыг хичээсэн. Бид нар кино хийхдээ түүний ярилцлагууд, бичлэг зэргийг маш их үздэг байсан. Үзээд л, сонсоод л, уншаад л. Би түүнийг хэн байсан бэ гэдгийг ойлгохыг гол зорилго болгож байлаа. Энэ яг л тэр хүний амьдралаар хийсэн аялал шиг. Энэ аялалын үед тухайн хүний талаар чи өөрт таалагдах зүйлс ч олно бас таалагдахгүй зүйлстэй ч таарна. Гэлээ гээд өөрийн ёс суртахуун, хувийн үзэл бодлоороо дүрийнхээ сайн муу талыг ялган салгаж, шүүж болохгүй. Сайнтай муутай нь хамтад нь хүлээн зөвшөөрч өөртөө шингээж байж, тэр хүнийг сэтгэл зүрхнээсээ мэдэрч чадна гэж би боддог. Гадаад дүр төрх, гадаад байдал, ерөнхий үйл хөдлөл зэргийг дуурайгаад гаргачихаж болно л доо. Яг адилхан алхаж, яг адилхан сууж гэх мэт. Гэхдээ  яг тэр хүний мэдэрч байсан шиг мэдрээд, яг тэр хүнийхтэй адил сэтглэл хөдлөлөөс урган гарч буй үйл хөдлөл гэдэг шал өөр “амьд” харагдана шүү дээ. Тэр л гол нууц нь. -Дуучны амьдрал гунигтай, ихэнхдээ хар бараан зүйлээр хүрээлэгдсэн байдаг. Энэ нь таны хувийн амьдралд нөлөөлсөн үү? -Дүр бол дүр. Кино зураг авалтын үед би бүх л бие сэтгэлээрээ энэ хүнд хувирч, тэр их зовлон шаналал, уйтгар гунигийг нь мэдэрч, тухайн дүрээ амилуулдаг. Харин зураг авалт зогсох тэр агшинд би дүрээсээ гарч чаддаг. Хэрвээ дүр болгоныхоо уйтгар гуниг, баяр хөөрийг өөрийн амьдралдаа оруулаад, мэдрээд байвал жүжигчид бидний амьдрал юу болох билээ. Алуурчны дүрд тоглолоо гээд алуурчин болох хэрэг үү. Би харин ч тэр их уйтгар гунигийг мэдрэх тусмаа Edith Piaf ямар их сэтгэлийн тэнхээ, амьдрах тэмүүлэлтэй хүн байсныг нь ойлгодог байсан. Энэ утгаараа түүнээс их зүйл суралцсан гэхэд болно.
Shuud.mn
Сонин хачин
unexeer saixan kino shuu.. aguu kino..
2012-01-11