Хуулийг гадарлах бус "дотор"-лоцгооё
2014-02-26

Итгэл алдвал дахин олж авахад хэцүү. Хэдийгээр дахин итгэл тээсээр ирэх ч өмнөх шигээ сүүн цайлган бус гашилга талдаа л байх болов уу, сэтгэл нь. Иймээс л “Итгэлийг нь л алдаж болохгүй шүү, хичээгээрэй” гэж ээж аавууд маань үр хүүхдэдээ захисаар ирсэн. Одоо ч бид захидаг. Харин одоо энэ захиасаа төрийн түшээд, төр засагтаа хандаж хэлмээр санагдах юм. Саяхан “Coal Mongolia” явагдсан. Манайх нүүрсний салбараараа дамжуулан хөрөнгө оруулалтаа татах гэж мэдээж хичээлгүй яахав.

:

Засгийн газрын тэргүүн “Монгол Улс ойрын 20 жилд нэг тэрбум тонн нүүрс экспортолно” гэж хөрөнгө оруулагчдыг татах таатай мэдээлэл дуулгаж, нүүрсний экспортод өндөр ач холбогдол өгч байгааг илтгэсэн. Засгийн газраас энэ оныг Үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд импортыг орлох, экспортыг дэмжих  чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зорьж буй. Тиймээс ч нүүрээ гадаад өндөр үнээр экспортлох нь манай зорилго. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдаа татах шан тавихаас үр дүн хамаарна. Тиймээс энэ удаагийн  “Coal Mongolia-г бид хэр амжилттай зохион байгуулсан бол, хөрөнгө оруулагчдыг Монголын нүүрсний салбар руу татаж чадсан болов уу. Энэ удаад Монголыг зорьсон хөрөнгө оруулагчид дотор шинэ зочид цөөнгүй байсан нь басхүү бид найдвар алдаагүй байна шүү гэх шинэ мэдрэмжийг төрүүлсэн.

:

Ямартай ч бид энэ салбарт хөрөнгө оруулагчдаа татахад найдвар алдаагүй л байна. Тэдний итгэлийг бид бас алдчихгүй юмсан. Хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчныг хамгийн түрүүн нарийн ширийн судалж байж манайхыг зорьсон байж таараа. Тиймээс шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүч ч бас тэднийг нааш хөлгийн жолоо татахад хүргэсэн байх нь гарцаагүй. Ер нь манай улстөрчдөд байдаг хэвшмэл алдаа бол хуулиа цаасан дээр батлаад дарчихдаг. Тухайн салбарууд нь ч баталсан хуулиудад заалт, чиглэл бүрээр нь зохих салбаруудад чиглэл өгч, сурталчлаад байдаггүй.  Хэрэгтэй зүйл заалтаа уншаад л өнгөрдөг талтай. Мэдээж тухайн салбарынхан хуулиа гадарладаг л байх. Гэхдээ хуулийг гадарлах бус "дотор"-лох нь бизнесийнхний ягштал мөрддөг бичигдээгүй дүрэм баймаар. Учир нь хууль дүрмээ сайтар судлаагүйгээс манай бизнесмэнүүдийн сул талыг гадныхан овжиноор ашигладаг нь нууц биш. Үүний тод жишээ нь “Чалко”-той байгуулсан гэрээнээс харагддаг. Өгөх мөнгийг нь урьтал болгосноос бус цаасан дээрх гэрээний  үг бүрийн утгыг нягтлаагүй алдсан гэж шүүмжлэгчид олон байдаг. Хамтарч үйл ажиллагаа явуулахад аль аль талын эрх ашгийг харгалздаг. Хоёр талын эрх ашгийн нэгнийх нь давамгайлж, нөгөө талынх нь хохирвол юуных нь хамтын ажиллагаа байх билээ.

.

Тун удахгүй Эдийн засгийн чуулган манайд зохиогдоно. Энэ чуулганыг угтсан бэлтгэл ажлууд хэдийнэ эхэлсэн. Төр, засгийн зүгээс дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих ч гадаад хүчийг татах сонирхол маш их байгаа. Шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ижил үйлчилнэ. Харин энэ хуульд заасанчлан “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч  эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчийн тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгнөөс дээш байх аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч байна” гэж заасан. Уул уурхай, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбар гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх буюу дотоодын хуулийн этгээдийн хувьцааны 33 түүнээс дээш хувийг эзэмших үед зөвшөөрөл авахаар заажээ. Харин гадаадын хөрөнгө оруулагчид манай талаас дийлэнхдээ хууль эрх зүйн тогтвортой орчныг хүсдэг. Хуулиар 500 тэрбум төгрөгнөөс дээш хөрөнгө оруулалт хийх бол Засгийн газартай гэрээ байгуулах эрх нь нээлттэй юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд эрх зүйн баталгаа олгох, татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хөрөнгө оруулагчдад таатай  боломжийг олгосон байна лээ. Тогтворжуулалтын гэрчилгээ нь аль салбарт, ямар бүст хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагаас хамаарч хугацаа нь тав хүртэл жил байх аж. Тогтворжуулах гэрчилгээгээр ААНОАТ, Гаалийн, НӨАТ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг дөрвөн татварыг бууруулахаар заажээ. Манай дотоодын компаниуд ч гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар хичээж байгаа нь мэдээж. Валют манайхыг сөрж бус чиглэн урсч байх нь эдийн засагт хийгээд бидэнд ашигтай. Тиймээс ч шинэ парламентын баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн “ид шид”-ийг ирэх жилүүдэд үзэх үлдлээ.

.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
тулгаа:
ач хопбогдол өгч байсан гэнээ. сэтгүүлч л юм бол зөв найруулах хэрэгтэй ш дээ. тэгээд ч энэ мэргэжлийн хэллэг орсонзүйл биш байна. нүүрсний экспортод ихээхэн анхаарч байгаа... гээд үргэлжлүүлж болно. өгөх гэдэг биет зүйлд голдуу хэрэглэгддэг. хайр өгч байсан гэвэл ямар байна даа. за тэгээд өөр чалдаа байсан. цаашдаа анхаарна биз дээ
2014-02-27