Крымийн захиргааны байрыг эзэлжээ
Украины өмнөд хэсэгт орших Крымийн автономит мужийн төр захиргааны байрыг зэвсэглэсэн залуус бүсэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ мужид Орос иргэд түлхүү оршин суудаг бөгөөд төр захиргааны байрыг бүсэлсэн нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлжээ. Зэвсэгт этгээдүүд Крымийн нийслэл Симферополь хотод байрладаг өндөр барилгуудын орой дээр Оросын төрийн талбайг мандуулсаны дараа орон нутгийн удирдагчид тэдэнтэй яриа хэлэлцээр хийхийг хүсч, тарахыг уриалжээ.
Харин Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Турчинов хэлэхдээ, “Украин улс хоёр хуваагдах аюултай тулгараад байгаад санаа зовниж байна” хэмээжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Украины шинэ Засгийн газрыг байгуулахаа төлөвлөж байсан ч дээрх эсэргүүцлийн жагсаалаас болж хойшлуулсан удаатай юм. Хэрэв Украиныг шинэ Засгийн газраа нэн даруй байгуулвал тус улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой тухай Европын холбоо, Олон улсын валютын сан мэдэгдээд байсан. Гэвч улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед Украинд их хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх нь боломжгүй гэдгээ учирлажээ. ОХУ-ын Сангийн яамны зүгээс Украиныг тун удахгүй өрөө төлөх чадваргүйд хүрэх магадлалтай байгааг олон улсын байгууллагуудад сануулсан байна.
Европын холбооны зүгээс Украиныг ойрын хоёр жилийн төсөвт хүрэлцэх 35 тэрбумын эхний ээлжийн мөнгийг олгох боломжтой тухай хэлсэн ч шинэ Засгийн газар бүрэлдээгүй энэ үед боломжгүй гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ