Дэлхийн аялал жуучлалын үзэсгэлэнд оролцож байна
2014-03-07

Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн  "ИТБ-Берлин 2014" үзэсгэлэн энэ сарын 5-9-ний өдрүүдэд Берлин хотноо болж байна.  Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын төлөөлөгчдийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүлэн оролцож байгаа аж. Сайд Ц.Оюунгэрэл уг арга хэмжээний хүрээнд "Мессе-Берлин" ХХК-ийн Ерөнхийлөгч К.Гёкетэй уулзаж, Монгол Улс "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох асуудлаар хэлэлцээ хийсэн байна. ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, "Мессе-Берлин" ХХК-ийн ИТБ-г хариуцсан захирал Д.Рютц нар Монгол Улс “ИТБ-Берлин 2015” үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох урьдчилсан гэрээнд гарын үсэг зуржээ.  Ийнхүү Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн  "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд түнш орноор оролцох эрхтэй болж байна.

Түүнчлэн Сайд Ц.Оюунгэрэл Монгол Улсын үзэсгэлэнгийн лого болох “Mongolia. Nomadic by Nature“ сэдвийг танилцуулжээ.   Мөн сайд Ц.Оюунгэрэл Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдэрэртэй уулзаж, хоёр орны хоорондын соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна. Энэ удаагийн "ИТБ-Берлин 2014" үзэсгэлэн нь Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр болж байгаа мөн 2015 онд  Монгол Улс "Түнш орон"-оор оролцохын өмнөх жилийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой аж.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин