Хүчирхийллийн эсрэг тэмцэхээ амлав
2014-03-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдвээр уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтаар Ерөнхийлөгч жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Уг ажлын хүрээнд 2014 оны гуравдугаар сарын зургааны өдөр Монгол Улс “НҮБ Эмэгтэйчүүд” байгууллагаас санаачилсан “АМЛАЛТ”  төсөлд нэгдэж гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага  хүлээлгэх  болон түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

2012 оны 11 дүгээр сард “НҮБ Эмэгтэйчүүд” байгууллага “АМЛАЛТ”  төслийг санаачилж, дэлхийн улс орнуудыг охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй үндэсний хэмжээнд тэмцэх тодорхой алхамуудыг хийхээр амлалт өгөхийг уриалжээ. Энэхүү төслийн хүрээнд улс орнууд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын гэрээ конвенцид нэгдэх, олон нийтэд чиглэсэн кампанит ажлууд зохион байгуулах, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, боловсролын хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн хууль хэрэгжүүлэх болон энх тайвныг сахиулах салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн өөрчлөлтүүдийг бий болгох юм байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин