Бөглөрсөн шугам сүлжээг солихоор болов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах УБ таун, Визард тауны хотхоны ойролцоо өнгөрсөн есдүгээр сард бохирын шугамны бохир хальж, хөрс, агаар бохирдуулан өнөөдөртэй золгосон. Харин энэ асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох газруудаас шат дараалсан арга хэмжээг авч эхэлсэн байна.
Бохир усны шугам, насос станцын ашиглалтын байдалтай танилцахад мэргэжлийн бус ашиглагч байгууллага хариуцлагагүйгээсээ хүндрэлтэй байдал үүсгэсэн, бохир усны насос станц нь ажиллахгүй, шугам сүлжээ нь бөглөрсөн, худгууд таггүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчид шугам хоолойн бөглөөг гаргах, угааж цэвэрлэх, насос станцыг автомат горимд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж.
.
Иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс харьяалах нутаг дэвсгэртээ байгаа таггүй худгуудыг тагтай болгох арга хэмжээ авах, эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтран орчны газрын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, хүчин чадалд нь тохирсон насос сонгож, ашиглагч байгууллагатай хамтран суурилуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг бүх дүүрэгт Захирагчийн ажлын албанаас өгчээ. Мөн Визард ХХК-д насос станцын ажиллагааг автомат ажиллагааны горимд шилжүүлэх, шугамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гэмтэл доголдлыг хамтран тодорхойлох гэх мэт мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэхийг УСУГ-т үүрэг өгчээ.
.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ