Дээд боловсролын шинэчлэлийн зээлийг дэмжлээ
2011-12-08

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дээд боловсролын салбарт авч буй анхны хүүтэй зээлийн асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан дээд боловсролын чанар, хүртээмж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан өрсөлдөхүйц чанартай дээд боловсролыг дэмжих, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын сургалтын орчин, чанарыг сайжруулах асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийлсний дараа уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй гэж үзэн Байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Мөн “Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протокол"-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл байсан бөгөөд 190 орон нэгдэн орсон энэ холбоонд манай улс 1963 онд гишүүнээр элссэний хувьд уг байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, холбооны дүрэм, түүнд оруулсан өөрчлөлтийн тухай нэмэлт протоколуудыг УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай юм. Энэ асуудалтай холбогдуулан дэлхий даяар цааснаас татгалзаж, цахим шуудан хөгжиж байгаа өнөө үед хүн ам хамгийн сийрэг суудаг монгол орны шуудангийн салбар ямархуу хэлбэрээр ажиллах, дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэхийн тулд хөгжлийн хандлага нь ямар  байх талаар гишүүд санал бодлоо илэрхийлсний эцэст хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж соёрхон батлах нь зүйтэй гэж үзэн  УИХ-д оруулахаар боллоо.
Shuud.mn
Сонин хачин