Хөгжлийн банк хувь эзэмшихээр боллоо
2014-04-02

Монголын ипотекийн корпорацид Хөгжлийн банк хувь эзэмшихээр болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай Засгийн газрын 2013 оны 128 дугаар тогтоолоор баталж, Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах зорилгоор Монголын ипотекийн корпорацид төр тодорхой хувь эзэмших нь зүйтэй гэж үзэн, холбогдох байгууллагуудтай энэ чиглэлээр хэлэлцээ хийж, хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалган, төр хувь эзэмшихэд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээс 10 хүртэл тэрбум төгрөг зарцуулахыг зөвшөөрсөн юм. Монголын ипотекийн корпораци нь хүн амыг орон сууцаар хангах, иргэдийг моргейж буюу тодорхой хугацаанд, үе шатлалтай төлбөр төлөх замаар орон сууцтай болох  тогтолцоог хөгжүүлэх үүднээс гадаад, дотоодын зах зээлээс дунд болон урт, хугацааны санхүүжилтийг татан нэмэгдүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан. Монголбанк болон арилжааны 10 банк хамтран байгуулсан тус корпораци нь арилжааны банкууд дахь орон сууцны зээлийн багцыг худалдан авч, иргэдийн авсан эл зээлээр баталгаажсан бонд гарган дотоод, гадаадын зах зээлд арилжиж, хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Монгол Улсын хувьд дотоодын ипотекийн зах зээлээ хөгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах нь нэн чухал байгаа. Улмаар иргэдийнхээ амьжиргаанд тохируулан, орон сууцны урт хугацаатай зээл олгох боломжийг нэмэгдүүлэхэд ипотекийн зээлээр баталгаажсан бондын арилжаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах замаар санхүүжилт бүрдүүлэх нь мөн чухал байна. Тиймээс орон сууцны зээлээр баталгаажсан бондын арилжаа эрхэлж буй Монголын ипотекийн корпорацид төр хувь эзэмших замаар гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх, тэдний сонирхлыг татах, цаашлаад манай ипотекийн хоёрдогч зах зээл зөв замаар хөгжих боломжийг өсгөх зэрэг ач холбогдолтой юм.

Одоогийн байдлаар Монголын ипотекийн корцорацийн нийт хувьцаанаас Монголбанк 2.81, Төрийн банк мөн 2.81, арилжааны 8 банк нийтдээ 94.38 хувийг тус тус эзэмшдэг бол  Хөгжлийн банк нэмэлт 2.5 сая ширхэг хувьцааг худалдан авснаар тус банкны хувь эзэмшил нь 14.88 хувь болж байна. Корпорацид одоогийн байдлаар арилжааны банкуудаас ипотекийн зээлийн 690 багц байгаа аж. Үүний 95.1 хувь нь “буцаах нөхцөлтэй” буюу банкин дахь иргэдийн орон сууцны зээл муудсан тохиолдолд тухайн банкинд буцаан худалдах, 4.9 хувь нь “буцаах нөхцөлгүй” буюу эрсдлийг Монголын ипотекийн корпораци хүлээх зээл эзэлж байна.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин