Антарктид судлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна
2014-04-08

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Монгол Улс “Антaрктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцлөө.

fg

Монгол Улсад үр ашиг шинээр бий болгох, хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх зорилгоор манай улс “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, энэ асуудлыг тус байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлжээ.

gh

“Антарктидийн тухай гэрээ” нь нийт 14 зүйлтэй. Энэ нь тус тивийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан Антарктидийн тухай анхны олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Тус гэрээгээр Антарктидийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах бөгөөд цэргийн шинжтэй аливаа арга хэмжээ явуулахыг хориглодог байна.

gh

Мөн Антарктидэд цөмийн аливаа туршилт хийх болон цацраг идэвхт материалын хаягдал хаяхыг хоригложээ. Түүнчлэн шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Антарктидэд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнг солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг уг гэрээгээр зохицуулж өгчээ.

gh

Тус гэрээ нь Өмнөд уртрагийн 60°-аас урагш орших нутаг дэвсгэрт үйлчлэхээр “Антарктидийн тухай гэрээ”-гээр тогтоожээ. Энэхүү бүс нутаг нь олон улсын эрх зүйн дагуу олон улсын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орсон аль ч улс тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй аж.  ГХ-ны сайд Л.Болд танилцуулгадаа:

gh

-Манай улс анх удаа 1972-1974 онд Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт өөрийн мэргэжилтнийг оролцуулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэхүү гэрээнд манай улс нэгдэн орсноор Антарктидэд өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа тэнд байршуулах боломжтой болох юм. Түүнчлэн өөрийн орны ажиглагчийг Антарктид руу илгээж, Антарктид судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа гэлээ.

gh

Монгол Улсын Засгийн газар 2007 онд Олон улсын туйл судлалын жилийн ажлыг зохион байгуулах тухай асуудлаар тогтоол гаргаж, “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох талаар тусгажээ. Энэ дагуу уг гэрээнд нэгдэн орох асуудлыг судлах Ажлын хэсгийг холбогдох яамд болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажилласан байна.

ах

Байнгын хорооны гишүүд дээрх асуудлыг хэлэлцээд,  Монгол Улс “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орохыг зөвшөөрөх нь зүйтэй гэж олонх нь дэмжлээ. Энэ талаарх  санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр болов.

ах

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин