Монгол залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж байна
Монголын загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт ур чадвар, гоо үзэсгэлэнгээ гайхуулсаар байгаа. Харин эрэгтэй моделиудын хувьд олон улсын тавцанд гарсан нь тийм ч олон биш. Тэгвэл олон улсын супер модель Б.Билгүүтэй хэмээх залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж байна.
Тэрбээр хамгийн сүүлд Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай боллоо. Б.Билгүйтэй 60 гаруй эрэгтэй моделиос шалгарч “True” корпорацийн удахгүй худалдаанд гаргах Samsung Galaxy S5 гар утасны, телевизийн сурталчилгаанд тогложээ. Харин түүний хамтрагчид нь хятад болон тайланд шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүд байжээ.
“True” нь Тайландын хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны оператор ба монгол залууг нүүр царайгаа болгосон уг сурталчилгаа ирэх тавдугаар сарын сүүлчээр олон нийтэд цацагдах юм байна. Б.Билгүйтэй энэхүү сурталчилгааны өмнө Хятадын загвар өмсөгчдийн хамт “Миранда” ундааны сурталчилгаанд тогложээ.
Тэрбээр өнгөрсөн хавар Банкокийн их сургуулийг вэб дизайнераар төгссөн ба суралцаж байх хугацаандаа тэндэхийн загварын мэргэжилтнүүдийн хараанд өртөж, алдартай агентлагуудад гэрээгээр загвар өмсөх болсон байна. Гэвч монголчуудын хувьд төдийлөн танил биш тэрбээр Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарснаар нутаг нэгтнүүдийнхээ эчнээ танил болсон билээ.
Мөн тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Тайландын алдарт дуучин Намчагийн “Би чамайг нүцгэлмаар байна” дууны клипэнд тоглосон. Тэрхүү клипийг нь нэг өдрийн дотор 50 мянган хүн үзэж, Тайландад рекорд тогтоож байжээ.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ