Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2014-04-11

Энэ оны нэгдүгээр улиралд АТГ-т гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Ингэснээр 2013 онд үлдэгдэл гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, шинээр хүлээн авч 85 гомдол, нийт 104 гомдол, мэдээллийг хянан үзжээ. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 46 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, 16 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэн, 28 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 798.9 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 7.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.707.222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна.

 Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хэсгийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл эзэлжээ. Нэгдүгээр улиралд 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Тэдгээр хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал 25 хувь буюу хамгийн олон нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэг байгаа аж. Мөн төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хээл хахууль авах, өгөх  зэргээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 14 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт, зургаан хэргийг харьяаллын дагуу тус тус шилжүүлжээ. Хоёр хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, дөрвөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн ба эрүүгийн 49 хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

 Эрүүгийн хэрэгт нийт 128 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан ба албан тушаалын байдлаар нь авч үзвэл 13 хувь нь төрийн, улс төрийн, 25 хувь нь төрийн захиргааны ажилчид байна. Харин зургаан хувь нь төрийн тусгай, 21 хувь нь төрийн үйлчилгээний, 35 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин