Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх төслийг хэлэлцэхийг дэмжив
2014-04-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. “Амгалан дулааны станц” баригдахтай холбогдуулан татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЭХ-ний сайд М.Сономпил танилцууллаа.  Тэрбээр:

,

-Сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй Улаанбаатар хотын барилгажилт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хотын зүүн хэсэг буюу Зүүн дөрвөн замаас зүүн тийш дулааны шугамд шинээр холбох 20,000 өрхийн дулааны хэрэгцээ, мөн цаашид нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай 120 Г/кал цагийн ачааллыг бүрэн хангахаас гадна Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор барих шинэ хорооллын дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 онд 35, 55, 155 дугаар тогтоолуудаар Амгалан дулааны станцыг барьж байгуулан дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг чиглэлийг Эрчим хүчний яаманд өгсөн гэлээ.

,

Дулааны станцын барилга, угсралтын ажлын хүрээнд Дулааны станцын бүх тоног, төхөөрөмж, 116МВтЧ3 буюу нийт 300Гкал/цагийн хүчин чадалтай турбин, иргэний барилга байгууламж, үнс хадгалах бүнкер, бүрэн автомат вагон хөмрөгч, 120 метрийн өндөр 4.1 метрийн диаметртэй яндан, дулааны сүлжээнд холбогдох дэд станц, цахилгаан, дулааны хяналтын бүрэн автоматжуулсан удирдлагын DCS систем зэрэг ажлууд  хийгдэх юм байна.  Ажлыг төлөвлөгөөт хуваарийн дагуу гүйцэтгэж наймдугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр яамны холбогдох мэргэжилтнүүд, БНХАУ-ын 200 гаруй мэргэжилтэй инженер техникийн ажилчид, дотоодын 10 гаруй туслан гүйцэтгэгч компанийн мөн тооны ажилчид хамтран ажиллаж байгаа аж. Станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд төсөвт хөрөнгө хэмнэх зорилгоор гүйцэтгэгч тал өөрийн тоног төхөөрөмжийг барилгын ажлын хугацаанд түр импортлон ашиглахаар гэрээнд тусгагдсан байна.

,

Түүнчлэн станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын ажлын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай аж. Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх дээрх тоног төхөөрөмжийг НӨАТ-аас  чөлөөлүүлэхээр тусгажээ. Уг  төсөл хэрэгжих хугацаанд нийт 245 тоног төхөөрөмжийн 4,114,386 ам.долларын хөрөнгийг татварт төлөх ажээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

-Эрчим хүчний “УС-15”-тай холбоотой төсөл хэрэгжиж байна. Бидний яриад байсан V эх үүсвэр хаана байна. Гэр  хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой дулаанаар хангах эх үүсвэр болох юм байна. Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Засгийн газраас оруулж ирж байгаа энэ төслийг дэмжиж байна. Том том төслүүдийг цаг хугацаанд нь явуулах үүднээс энэ хэмжээний дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Засгийн газар цаашдаа том хэмжээний объектууд орж ирэхээр байвал төсвийн төлөвлөлт дээр оруулж ирэх хэрэгтэй байна. Гэтэл төсвийн жилийн дундуур оруулж ирвэл хэрэгжих бололцоогүй юм, хуулиараа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Томоохон бүтээн байгуулалт хийж байгаа энэ үед НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй.  Энэ бүтээн байгуулалт дээр дотоодын нөөц бололцоогоор хийх боломжийг хайх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс НӨАТ-ыг гурван хувь болгож, тэгштгэсэн бодлого оруулж ирэхгүй бол ЖДҮ эрхлэгчдэд хүндрэлтэй байна. Энэ тал дээр анхаарал тавиарай.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Засгийн газраас оруулж ирж байгаа энэ төслийг дэмжиж байна. Эрчим хүчний хомсдол манайд байдаг. Тиймээс том төсөл дээр аж ахуйн нэгжүүдэд ийм бодлого хэрэгтэй. Эрчим хүчний салбарт энэ хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгтэй юм.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 80 хувийн саналаар дэмжигдлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин