Европын холбоо Орост шинэ хориг тавихаар болов
Европын Холбооны гишүүн 28 орны Элчин сайд нар Брюссель хотноо зөвлөлийн хурал хийж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авах асуудлаар ярилцсан тухай “ВВС”агентлаг мэдээллээ. Энэ талаар Европын холбооны гадаад бодлого хариуцсан ажилтан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Зөвлөлийн хуралдааны үеэр Оросын тэрбумтан болон улс төрийн зүтгэлэн, урлаг спортын алдартнуудад визний хориг тавихыг дэмжсэн. ОХУ-ын эсрэг авах эдийн засгийн хоёр дахь хориг арга хэмжээний тухай хэлэлцэж байна” гэжээ.
“Их долоо”-ын зүгээс Европын холбооны гишүүн орнуудын гаргасан ОХУ-ын эсрэг нэмэлт арга хэмжээг дэмжиж буйгаа мэдэгдэж, өнөөдрөөс эхлэн визний хоригоо чангатгахыг санал болгожээ. Энэ сарын 26-наас эхэлж “Их долоо”-ын удирдлагууд Оросын түрэмгийллийг таслан зогсоох болон хариу арга хэмжээ авах асуудлаар Женев хотноо дээд хэмжээний уулзалт хийж эхэлсэн юм. Украины нөхцөл байдлыг хурцатгахад нөлөөлсөн гэж үзэж буй “Их долоо”-ын Засгийн газар болон Европын холбоо, Евро комисс нь Украины аюулгүй байдлыг хангаж, ирэх тавдугаар сард Ерөнхийлөгчийн ардчилсан сонгууль явуулахад бэлтгэх талаар ярилцаж байгаа гэнэ. ОХУ-ыг Крымийг нэгтгэсэн болон Украины зүүн хотуудад эмх замбараагүй байдал гаргасан учраас хориг арга хэмжээг чангатгахаас гадна шинээр хориг тавих асуудлыг ярилцсан байна.
Францын Ерөнхийлөгч Францис Олланд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангелиа Меркель, Их Британи болон Италийн Ерөнхий сайд нар Украинд ажиллах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ