Туркт уурхайчид ажил хаялт зарлав
2014-05-15

Туркийн нийслэл Анкара хотоос баруун зүгт 450 км зайтай орших Маниса мужийн Сома хотод нүүрсний уурхай дэлбэрч, 274 уурхайчин нурангид даруулж амиа алдсан юм. Тэгвэл өнөөдөр тус улсын уурхайчид “Уул уурхайн гамшгийг бууруулахад Засгийн газраа томоохон алхам хий” гэх уриатай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, үйлдвэрчний эвлэлээс нэг өдрийн ажил хаялт зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Үйлдвэрчний эвлэлийнхэн уул уурхайн салбарын ажил олгогчид ажилчдыг хэтэрхий аюултай нөхцөлд ажиллуулж буйг шүүмжилж буй. Үүнээс гадна уг аймшигт осолтой холбоотойгоор Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн хотод зэрэг болж буйг “Turkey TV” уламжлав. Уурхайд цахилгааны холболтыг буруу хийснээс дэлбэрэлт болсон бөгөөд осол гарах үед 787 хүн ажиллаж байсны 363 уурхайчны амийг аварсан байна.

Туркт 1992 онд Хар тэнгис Зонгулдакын ойролцоох уурхайд осол гарч, 270 уурхайчин амиа алдсаныг энэ үеэр эргэн дурссан аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин