Сэжигтнүүд өлсгөлөн зарлажээ
Цагдаагийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйлдэл болон гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж буйг эсэргүүцэж иргэн Б.Саранцэцэг, Б.Цэндсүрэн нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэдний хөвгүүд болох Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарт цагдаагийн албан хаагчийн биед халдаж, дээрэмдэхийг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр татсан байна. Ш.Жамъянсүрэнгийн ээж Б.Саранцэцэгийн хэлснээр хүүхдүүд нь өнгөрөгч оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө гудамжинд явж байхдаа цагдаагийн мөрдөн байцаагч н.Молор-Эрдэнийг мөрлөснөөс болж, тэдний хооронд үл ойлголцол үүсч, зодолдсон гэнэ. Цагдаагийн мөрдөн байцаагч нь тэднийг зодож, Ш.Жамъянсүрэнгийн биед гэмтэл учруулсан аж. Гэвч өөрийн албан тушаалаа ашиглан, Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст аваачин, өөрийн найз цагдаагаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулжээ.
5
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон байна. Шүүхээс “Шүүгдэгч хоёр залуу нь н.Молор-Эрдэнэд зодуулсан, хэргийн мөрдөн байцаагч н.Балдорж нь бичиг үсэг огт мэдэхгүй залууг өмгөөлөгчгүйгээр байцааж, мэдүүлэг авахдаа хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Гэтэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Тэд гэмт хэрэг хийгээгүй хэмээн өдгөө хорих ангид өлсгөлөн зарлаад байгаа аж. Түүнчлэн тэдний өмгөөлөгч н.Батбаярыг сэжигтнүүдэд үг зааж өгсөн гэж буруутган, мөн сэжигтнээр татсан гэнэ. Ар гэрийнх нь өөр өмгөөлөгчдөд хандсан боловч “Цагдаагийн албан хаагч холбогдсон хэрэг дээр ажиллахгүй” хэмээн татгалздаг гэдгийг хэлж байлаа.
6
Энэ мэт өөрийн ажил мэргэжлээрээ далайлган бусдыг гэмт хэрэгтэн болгож буй хууль бус үйлдэлд Хууль зүйн сайд болон холбогдох албаныхан анхаарал хандуулах хэрэгтэй байгааг тэд хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ