Д.Дагвадорж Дурбан хотоос мэдээлж байна
2011-12-12

  Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Дурбан хотноо хоёр долоо хоног хуралдсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал 12 дугаар сарын 9-ний баасан гарагт дуусах байсан ч нэгдсэн зөвшилцөлд хүрэхийн тулд хугацаа сунган хуралдаж, өчигдөр буюу ням гарагт өндөрлөлөө. Төлөвлөсөн бүх асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй боловч Бага хурал хэд хэдэн чухал асуудлаар шийдэлд хүрлээ. Юуны өмнө, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн механизм бүрдүүлэх Конвенцийн Санхүүгийн Байнгын хороо болон Уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болж, үйл ажиллагааны журам батлан Сангийн зөвлөл байгуулахаар тогтов. Конвенцийн Санхүүгийн Байнгын хороо болон Уур амьсгалын ногоон сан байгуулах талаар өнгөрсөн жил Канкун хотноо хэлэлцэн санал нэгдсэн билээ. Мөн, Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн  дэргэд хөгжиж байгаа орнуудад дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах үүрэг бүхий Дасан зохицох хороо байгуулахаар шийдвэрлэж, нийт 16 гишүүнтэй байхаар боллоо. Хөгжиж буй орнуудад дасан зохицох болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх технологийн гүйцэтгэх хороо байгуулах, мөн бүс нутгийн төвүүд болон сүлжээний ажиллагааг яаралтай эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Бага хурлаар мөн Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар өндөр хөгжилтэй орнуудын хүлээх үүргийн хугацааг тодорхой хугацаагаар сунгаж чадлаа. Гэвч Киотогийн протоколд нэгдэн орсон улс болох Япон, Канад, ОХУ энэ шийдвэрт нэгдэн орж, үүрэг хүлээсэнгүй. Харин хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар зөвхөн хөгжингүй орнууд төдийгүй, нийт улс орныг хамарсан шинэ гэрээ хэлцэл явуулж, олон улсын түвшинд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, протокол боловсруулах үүрэг бүхий шинэ, нээлттэй ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Уг шинэ ажлын хэсэгт 2015 он гэхэд шинэ протокол, баримт бичгийн эх боловсруулж дуусган батлуулах, 2020 оны эхнээс хүчин төгөлдөр болгох чиглэлээр ажиллахыг үүрэг болгов. Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц болон Киотогийн протоколын хүрээнд өмнө нь байгуулагдсан нээлттэй ажлын хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж, улс орнууд уур амьсгалын асуудлын хүрээнд хамтран ажиллах талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн явуулахаар тогтлоо гэж Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, БОАЖЯ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албаны дарга доктор  Д.Дагвадорж Дурбан хотоос мэдээллээ.    
Shuud.mn
Сонин хачин
avargiih gej bodloo,
2011-12-12
harin tiim bvr gaihlaa shd.tegeed bvr ovog hvrtel D yum kkk
2011-12-12
Аса аваргыг гэж бодлоо штээ
2011-12-12