“Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл" сэдвээр хэлэлцэв
2014-06-03

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, НДЕГ, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын газрын дарга, мэргэжилтэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ахмадын холбооны тэргүүнүүд оролцож тэтгэврийн даатгалын өнөөгийн байдал, шинэчлэлийн зорилтуудын талаар санал солилцов.

ы

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны  дарга Д.Батцогт нээж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Төрөөс иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол тэтгэврийн даатгалын тогтолцоо юм. 1994 онд Улсын Их Хурал Нийгмийн даатгалын багц хуулиудыг баталж, ажил олгогч, даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог хуваарилалтын тогтолцоонд шилжсэн билээ. Мөн Улсын Их Хурал 1999 онд Төрөөс тэтгэврийнй шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлийг баталсан.

ы

Одоо тухайн үеийн тэтгэврийн даатгалын тогтолцоог тэтгэвэр бодох аргачлал нь төлсөн шимтгэлтгэйгээ шууд хамааралгүй, тэтгэврийн санг өсгөж арвижуулах механизм бүрдээгүй, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлтэй уялдаа холбоогүй зэргээс шалтгаалан хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай гэж үзэх боллоо. Тэтгэврийн тогтолцоонд үүсээд байгаа хямралыг багасгах зорилгоор тодорхой алхмуудыг хийсэн ч тэтгэвэр авагчдын амьдрал ахуйд нөлөөлөхүйц үр дүнд хүрч чадсангүй. Өнөөдөр эдийн засгийн идэвхтэй хүн амын дөнгөж 63 орчим хувь нь тэтгэврийн албан журмын даатгалд хамрагдаж байна. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагсдын дийлэнх нь тэтгэврийн даатгалд хамрагдаагүйгээс тэдний ирээдүйн нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдаж, тэр хэрээрээ улсын төсөвт ачаалал учруулж эхэллээ.

ы

Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болж, тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч, иргэдийн амьжиргааны түвшин буурах хандлагатай боллоо. Тэтгэврийн даатгалын сангийн хувьд 2013 оны эцсийн байдлаар орлогын гүйцэтгэл 635.0 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 811.0 тэрбум төгрөгт хүрч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсэн нь тэтгэврийн даатгалын сан өөрийгөө санхүүжүүлэх боломжгүйг нотлон харуулжээ. Энэ бүхэн биднийг тэтгэврийн талаар дорвитой шинэчлэл хийх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болсныг харуулж байна. Түүнчлэн цаашид тэтгэврийн тогтолцоонд эрс өөрчлөлт, шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх, хуримтлагдсан өр, авлагыг багасгах, Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай байна” гэлээ.

й

Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тэрбээр хэлэхдээ “Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нэг давхрагатай, эв санааны нэгдлийн зарчмаар шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа нөхөж санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Гэтэл 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 60-70-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал сүүлийн арван жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21, 9 хувиар буюу илүү хурдацтайгаар өссөн дүн үүнийг илтгэж байна. Тэтгэврийн сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ний эзлэх хувийн жин өсч дөрвөн хувьд хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн нийгмийн даатгалын хамрагдалтын хувь хэмжээ хангалтгүй байна. Манай улсын 10 хүн тутмын гурав нь нийгмийн даатгалд даатгуулдаг бол 10 даатгуулагч тутамд дөрвөн тэтгэвэр авагч ногдож байна. Ирээдүйд гарч болох санхүүгийн хүндрэлтэй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс цалинд зориулсан тэтгэврийн тогтолцоог халж, тэтгэврийн нас, шимтгэл бодох хувь, тэтгэврийн хувь хэмжээ зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна” гэв.

й

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар ахалсан бөгөөд ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм. Түүнчлэн ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ “Өнөөдөр 1960 оноос өмнө төрсөн иргэдэд цалинд үндэслэсэн тэтгэврийн тогтолцоо үйлчилж байгаа бол 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцоогоор бодож байгаа аж. Шимтгэл олгогчийн хувьд ажил олгогчоос болон даатгуулагчаас долоо, долоон хувь буюу нийтдээ 14 хувийг тэтгэврийн даатгалд төлдөг. 14 хувийн шимтгэлийг 20 жилийн хугацаанд төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэвэрт гарах эрхтэй. Тэтгэврийг тогтоох аргачлалын хувьд 1995 оны хуулиар буюу 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчдын тэтгэврийг бодохдоо 20 жил ажилласан тутамд цалингийн 45 хувиар, 20-иос илүү жил ажилласан тутамд 1,5 хувиар бодох аргачлалаар явж байгаа гэлээ.

йы

Харин нэрийн дансны хуулиар 1960 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг бодохдоо түүний нэрийн дансанд хийсвэрээр бүртгэгдсэн шимтгэл, түүнд тооцсон өгөөжийн хүү, тэдгээрийн нийлбэрийг цаашид тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэврийг бодож байгааг тэрээр хэлсэн. 1960 оноос хойш төрсөн иргэдийн тухайд гол үндсэн ялгаа нь тэтгэвэр бодох аргачлалын хувьд өөрөөр томьёологдож байгаа ажээ. Өндөр насны тэтгэвэр авагч өнөөгийн байдлаар 218 мянга орчим байгаа гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Сүүлийн гурван жилийн байдлаар тэтгэврийн сангийн орлого зарлагын байдлыг авч үзвэл тэтгэврийн даатгалын сангийн нийт орлогын 30 орчим хувийг улсын төсвийн татаасаар бүрдүүлсэн байна. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2013 оны гүйцэтгэлээр 821.7 тэрбум орчим төгрөг байснаас нийт зарлагын 72 хувийг өндөр насны тэтгэвэрт, цэргийн тэтгэвэрт 9 орчим хувийг зарцуулсан” гэлээ.

ый

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Д.Сарангэрэл, С.Ганбаатар нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлуудыг хөндсөн юм. Гишүүдийн зүгээс эхний ээлжинд нэрийн дансны хуримтлалыг бий болгох, олон шатлалтай тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх, ахмад настныг ядууралд өртүүлэхгүй байхын тулд тэтгэврийн хувь хэмжээг боломжийн хэмжээнд байлгах, тэтгэвэрт гарагсдын эрүүл мэндийн асуудалд судалгаа хийх, Нийгмийн даатгалын санг бие даасан, хараат бус болгох зэрэг асуудлаар саналаа хэллээ.

ы

Мөн Монголын ахмадын багш нарын холбооны тэргүүн Д. Амар, 1996 оноос өмнө тэтгэвэрт гарсан 5400 ахмад багш байснаас өнөөдөр 3000 гаруй нь үлдээд байгааг хэлж, эдгээр бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг одоогийнхтой адилтгаж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн хамтын тэтгэврийн асуудлыг шийдэх хэрэгтэйг хэлж, ахмадуудын дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс илүүтэй мах, гурилын үнийг нэмэхгүй байх асуудалд анхаарал хандуулж байгааг чухалчилж байв. Хэлэлцүүлгийн дүнд Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсэг, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд саналаа тусгаж ажиллах хэрэгтэйг Байнгын хорооны дарга Д.Батцогт сануулсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр оролцогчдын гаргасан саналуудыг тусгасан Зөвлөмж гаргалаа.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин