Эргэлзээтэй торгуулийн цохилттой ч Бразил эхний хожлоо авлаа
2014-06-13

64 жилийн дараагаар Бразилийн нутагт Дэлхийн аваргын ширүүн өрсөлдөөн эргэн ирлээ. Дэлхийн аварга эхлэхээс зургаахан хоногийн өмнө ашиглалтад орсон Сан-Паулу хотын “Коритианс Арена”-д нээлтийн ёслол болж, дараагаар нь тэмцээнийг зохион явуулагч Бразилийн шигшээ Хорватын багтай тоглов.

1

Нээлтийн ёслолын нэг но-г дурьдахад сүлд дууг дуулахаар Женнифер Лопес, Питбуль хоёрыг дугариг тайзнаа урган гарч ирэх гэтэл техникийн гацалт үүсч, бага зэрэг балмагдуулсан. Гэвч Питбуль удалгүй сэхээ авч, тайзнаа алхан гарсныхаа дараагаар Женнифер Лопесийг дэмжин татснаар нээлтийн нэгэн но-г давсан юм.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хувьд тоглолт нь өөрөө шоу болохоос дуучид, бүжигчид гол биш гэдгийг дахин нотолж, ердөө 26 минутын дотор нээлтийн ёслолыг гялалзуулаад өнгөрүүллээ. Үүний дараагаар 200 сая гаруй бразилчуудын төдийгүй дэлхий даяар тэсэн ядан дөрвөн жил хүлээсэн Дэлхийн аваргын эхний тоглолт эхэллээ.

1

Бразилийн шигшээ багийн ахлагч Тиаго Силва болон түүний ард шил даран зогсоо хаалгач Жулио Сезарын нүдэнд нулимс үе үе цийлэлзэн үзэгдэх нь тэд дотроо хэрхэн догдолж буйн илэрхийлэл байв. Төрийн дууллаа дуулсны дараа Жулио Сезар бүр нулимсаа барьж дийлэлгүй, сэтгэлээ түрхэн зуур зөнд нь орхисон үзэгдсэн. Жулио Сезар их уяхан эр. Хэдэн жилийн өмнө Европын талбайд чухал тоглолтод хожигдчихоод цэнгэлдэхийн гадаа тавьсан машинаа мартчихаад гэр рүү явган алхаад харьчихсан тохиолдол түүнд байдаг.

Мөн Бразилийн төрийн дууллын үеэр хөгжим зогссон ч цэнгэлдэх дүүрэн үзэгчид, хөлбөмбөгчид нэгдэн дуугаа гүйцээн дуулсан нь эрхгүй сэтгэл хөдөлгөсөн агшин болсон. Харин бразил гаралтай, хорват үнэмлэхтэй Эдуардо Ди Силва Бразилийн төрийн дууллыг сэтгэл дотроо дуулсныг камераар зориудаар харууллаа.

1

Ингээд тоглолт эхэллээ. Хорватууд эхнээсээ л зөөлөн боорцог биш гэдгээ харуулж, Олич хаалга руу мөргөж аюул тарих дөхсөн бол дараахан нь Ракитич өөрийнхөө бүсээс бөмбөгийг туусаар төвд ирмэгцээ зүүн жигүүр рүү дамжуулсныг Олич Бразилийн торгуулийн талбай руу хөндлөн дамжуулалт болгон илгээлээ. Энэ бөмбөгт Елавич хальт хүрээд цааш Марселогийн хөлд ойн Дэлхийн аваргын эхний гоол хаалганд оров.

1

Талбайн эзэн Бразилийн хаалганд шигшээгийнх нь хамгаалагч Марсело эхний гоолыг оруулж сандаргав. Нэгдүгээр үеийн дундуур Бразилийн гол найдвар Неймар Модричийн эрүүг тохойлдсоныхоо төлөө Дэлхийн аваргын эхний шар хуудсэн эзэн боллоо. Гэвч  Неймар удалгүй 22 метрийн зайнаас Плетикосагийн хаалганы зүүн шороон буланд маш ончтой цохьсноор тоог тэнцүүлсэн. Энэ гоолын эхлэлийг Оскар талбайн төвд уначихсан хэрнээ тэмцэлдсээр багийнхандаа дамжуулж, цааш бөмбөг явсаар гоол болсныг дурьдах нь зөв биз. Өөрөөр хэлбэл, Оскарын амь тавин тоглосны үр дүн гоолоор шагнагдсан юм.

1

Тоглолтын явцад өмнө нь Дэлхийн аваргад ашиглагдаж байгаагүй хоёр ч шинэ зүйлийг хөлбөмбөг сонирхогчид харсан. Нэг нь хаалганд гоол орсныг дэвшилтэт технологиор тогтоох, нөгөө нь Либертадоресийн цомд үе үе ашигладаг хаалттай цохилтын хана босгоход хэрэглэдэг цацдаг цагаан шохой байв. Энэ цагаан шохой цацсанаас хойш хэдхэн минутын дараа арилчихдаг бөгөөд хана болж зогсоо хөлбөмбөгчид байрнаас хөдөлсөн эсэхийг шүүгч анзаарахад тус хүргэх ёстой.

Бразилийн хамгаалалтаас Давид Луис үе үе оновчгүй дамжуулалт өгч, барьж буй тоглогчоо алдаж буй нь анзаарагдсан. Эхний гоол дээр ч Давид Луис Елавичийг өмнөө алдснаар хаалгаа мялаалгасан.

1

Тоглолтын хоёрдугаар үед 1:1-ээр тэнцэж буй бразилчууд шуургалсан довтолгоо хийх байх гэтэл хорватууд бөмбөгийг эзэмшиж, эн тэнцүү тоглолт үзүүлж чадаж байлаа. Гэвч Оскарын баруунаас дамжуулсан бөмбөгийг Фред хүлээн авахад Ловрен бага зэрэг татсныхаа төлөө хаалгандаа торгуулийн цохилт заалгачихав. Японы шүүгч Нишимурагийн торгуулийн цохилт заасан шийдвэр ихээхэн эргэлзээ төрүүлсэн. Тиймээс Хорватын шигшээгийнхэн шүүгчийг алдсныг ойлгуулахаар олуулаа бүчсэн ч япон эр шийдвэрээ мэдээж өөрчилсөнгүй.

1

Дэлхийн аваргад Бразилийн торгууль, булан, стандарт цохилтуудыг бүгдийг хийхээр томилогдсон 22 настай Неймар цохилт гүйцэтгэх боллоо. Неймар торгуулийн цохилт хийхдээ пауз авч, ажиж ажиж цохьсон ч Плетикоса хариугүй хаачих дөхөв. Гэвч бөмбөг Плетикосагийн гарт шүргээд хаалганд орлоо.

1

Бразилийн шинэ үеийн гол од гэгдэж буй Неймар дубль хийснээр түүнд найдаж болно гэдгийг эхний тоглолт дээр нотлон харуулсан нь энэ. Ер нь тоглолтын явцад Неймар талбайд байрлалаа хүссэн үедээ сольж, чөлөөт найруулагчаар тоглож үзэгдсэн. Неймарыг торгуулийн цохилтоос гоол оруулахад Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Руссефф суудлаас үсрэн босч, хөөрцөглөж байв.

1

Тоглолтын төгсгөл рүү Хорватын довтолгоо ширүүсч, Бразилийн хаалганд нэг бөмбөг оруулсан ч Оличийг хаалгачийн эсрэг алдаа гаргасан тул тооцоогүй. Харин шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Оскар бөмбөгийг туусаар торгуулийн талбайн шугам дээрээс ойрын буланд хатгасныг Плетикоса хааж чадсангүй. Ингэснээр Бразилийн хөлбөмбөгчид эхний тоглолтдоо дөрвөн гоол оруулсан ч 3:1-ээр хожлоо.

1

Эргэлзээтэй торгуулийн цохилт тоглолтын хувь заяанд зохих нөлөө үзүүлсэн ч гэсэн Бразилийн шигшээ эхний хожлоо хоёр гоолын зөрүүтэйгээр авлаа. Хорватын шигшээ баг Дэлхийн таван удаагийн аваргын талбайд эмээлгүй, хариу довтолж тоглосоор хожигдсон ч гэсэн хэсгээсээ гарах боломж бий.

Тоглолтын шилдэг тоглогчоор хоёр гоол оруулсан Неймар нэрлэгдсэн байна.

1

Бразил –Хорват 3:1

Гоол:  Марсело 11-автогоол, Неймар 29, 71-пен, Оскар 90.

Бразил: Жулио Сезар, Дани Алвеш, Силва, Давид Луиз, Марсело, Л. Густаво, Оскар, Паулиньо (Эрнанес, 63), Халк (Бернард, 68), Фред, Неймар (Рамирес, 88).

Хорват: Плетикоса, Срна, Чорлука, Ловрен, Врсалько, Ракитич, Ковачич (Брозович, 61), Перишич, Модрич, Олич, Елавич (Ребич, 78).

Шар хуудас: Неймар (27), Чорлука (65), Ловрен (69), Л. Густаво (88).

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин