Д.Арвин: Ерөнхийлөгчийг зөвхөн бэлгэ тэмдэг гэж байгаад харамсаж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Монгол Улсын үндэсний болон дипломат ёслол, нийтээр тэмдэглэх баярын  болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг ёслолын арга хэмжээнд оролцуулах, гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзуулах зэрэг ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ёслолын журмаар зохицуулдаг билээ.  Төрийн ёслолын ажиллагаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон нийт өргөн олныг хамарсан, Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ мөн бөгөөд цаашид Төрийн ёслолын журмыг төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг  илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч баталж байх нь зүйтэй гэж үзэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

6

Хууль батлагдсанаар Төрийн ёслолын журмыг төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч батлах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй урьдчилан зөвшилцөх ажээ. Хуулийн төслийг танилцуулсны дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

6

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Бид парламентат засаглалтай улс. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын арга хэмжээг Ерөнхийлөгчид харъяалуулж байгааг ойлгохгүй байна. Дипломат алба, гүйцэтгэх засаглалтай холбоотой арга хэмжээнд алдаа гарвал Ерөнхийлөгч хариуцлага хүлээх  болчих гээд байна.  Саяхан цагаан сарын хэвийн боовыг тэгш тоотой өрлөө гээд асуудал дэгдсэн. Ёслолын арга хэмжээний энэ алдаа Ерөнхийлөгч буруутай болох нь.

6

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Нийтээр тэмдэглэх баяр ёслолыг Ерөнхийлөгч батлах нь зөв. Ерөнхийлөгч зөвхөн бэлгэ тэмдэг гэж ярьж байгаад харамсаж байна. Өөрийнх нь ажлын хүрээнд шүүх, засаглал гэсэн маш том институт байгаа. Нийтээр тэмдэглэх баяр наадмыг Ерөнхийлөгч авч явах нь зөв. Харин Төрийн ёслолын албаны журамд нийтээр тэмдэглэх баяр ёслолын журамд үндэсний хувцсаа өмсч байх заалтыг оруулж өгөхийг хүсье.

6

Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй юм. Энэ заалтаар санал хураалт явуулахад хуулийн төслийг гишүүдийн олонх байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ