Улаанбаатар уран баримал наадам эхэллээ
2014-06-24

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран 2014 оны 06 дугаар сарын 21-нээс 2014 оны 07 дугаар сарын 19-ныг хүртэл “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулж байна. Наадмын нээлт Тусгаар тогтнолын талбайд боллоо.  Нээлтийн үеэр зүүн, баруун аль нэг гараар тэгш хэмгүйгээр, үндэсний монгол бичгээр, аквариумд, компьютерээр, хөлөөр, амаар, элсээр зурсан зурган үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулсан юм.  Мөн хүүхдүүдийн дунд баримлын шавар, уран бүтээлчдийн дунд уран зургийн болон баримлын бүтээлийн уралдаан зохион байгуулжээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 3D зургийн чимэглэлийн уралдаан зарласан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 21-нд дүгнэх юм.  Түүнчлэн “Хүрээ соёл” хөтөлбөрийн хүрээнд “Баримлын загвар шалгаруулах уралдаан” зарласан байна.   Энэхүү уралдаанд уранбүтээлчид гоёмсог хийцтэй 25 орчим бүтээлийг  ирүүлж байгаа гэж зохион байгуулагчид хэллээ. “Улаанбаатар уран баримал” наадмын хүрээнд “Хот чимэглэл уран баримал” эрдэм шинжилгээний хурал 06 дугаар сарын 27-нд Хангарьд ордоны 14 давхарт болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны 07 дугаар сарын 05-наас 14-нд уран баримлын уралдаанд ирсэн бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Наадмын хаалтыг 2014 оны 07 дугаар сарын 16-нд “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” хэлбэрээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин