Мансууралтай тэмцэх дэлхийн өдөр
2014-06-26

Мансууралтай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 26-нд тэмдэглэдэг. Дэлхийн орнууд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэл хэрэглэдэг, донтсон иргэдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

6

Манай улсын хувьд энэ өдрийг угтан өчигдөр /VI.25/  Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс шийдвэр гаргагч болон оролцогч талуудын дунд онол практикийн бага хурлыг Ерөнхийлөгчийн тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгуулсан. Уг хурлаар “Хар тамхи мансууруулах бодисын гадаад болон дотоодын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол улс дахь Мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэгт ногдуулж буй ял шийтгэл, тулгамдаж буй асуудал”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хянах хуулийн үзэл баримтлал, товч танилцуулга”, "Өсвөр үеийнхний мансууруулах бодисын хэрэглээг судалсан дүн" зэрэг 10 гаруй сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.

6

НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрөгч онд гаргасан судалгаагаар дэлхий дээр 25 сая хүн мансууруулах сэтгэц идэвхт  эм, бодисын хамааралтай байгаагийн 15.6 сая нь хар тамхины хамааралтай болохыг тогтоосон байна.

6

Харин манай орны хувьд улс орон хөгжиж, хил гааль чөлөөтэй болж, интернет хөгжихийн хирээр хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэх, түүнтэй холбоотой хэрэгт иргэд холбогдох зэрэг нь ихсэж байна. 1999 онд судалгаа явуулахад манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 45 хүн байсан бол өнгөрөгч оны 560 гаруй болж өсчээ. Нэг хүний ард дөрвөн хүн байх магадлалтай гэж тооцдог байна. Тэгэхээр 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн үг. Үүнтэй холбоотой  элдэв хэрэг зөрчил ч жилээс жилд өссөөр байна. Өнгөрөгч оны байдлаар манай улсын 34 иргэн хар тамхи зөөвөрлөх, хил гаалиар гаргахыг оролдох зэрэг хэрэгт холбогдон  БНХАУ, Хонгконгт, Какакстан, ОХУ гэх орнуудад хоригдож байгаа гэж мэдээлж байсан.

6

Мөн нийслэлийн өсвөр үеийнхний дунд судалгаа НЦГ, НЭМГ зэрэг холбогдох байгууллагуудаас судалгаа явуулахад хамрагдагсдын 44.6% архи, 40.3% тамхи хэрэглэж үзсэн. 2.9 хувь нь бензин цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Түүнчлэн тэдний 12.1 хувь нь ойр орчиндоо хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчидтэй хамт байдаг гэсэн байна.

6

Гэтэл манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг илрүүлэх, эмчлэх, нөхцөл шаардлага хангалтгүй, эмч мэргэжилтэн дутагдалтай байдаг гэж мэргэжилтнүүд хэлдэг.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин