Соёлын биет бус өвийг хамгаалах талаар ярилцав
2014-07-02

ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн гишүүн Зүүн хойд Азийн таван орны төлөөлөгчид энэ бүс нутагт "Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлж өвийг баримтжуулах нь” сэдвээр хоёр дахь өдрөө Улаанбаатар хотноо амжилттай хуралдаж байна. Анх удаа уг сэдвээр зохион байгуулагдаж буй бүсийн уулзалт зөвлөгөөнийг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран Ази номхон далайн Соёлын биет бус өвийн төвийн дэмжлэгээр зохион байгуулж байгаа аж.

s

Уулзалтад БНАСАУ, Монгол Улс, БНСУ, БНХАУ, Япон улсын Засгийн газрын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын мэргэжилтнүүд, албаны хүмүүс оролцож байна. Уулзалт семинарын зорилго нь Зүүн хойд Азийн орнууд дахь Соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, үйл ажиллагааг сайжруулах, өргөтгөх; мэдээлэл солилцох, хэлхээ холбоо тогтоох, хамтран ажиллах илүү үр ашигтай арга замуудыг хэлэлцэн тодорхойлоход чиглэж байна.

s

Зүүн хойд Ази нь түүхийн урт удаан хугацааны туршид соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж хадгалж ирсэн бөгөөд соёлын биет бус өвийг хамгаалах талаар баялаг түүхтэй. Тэр дундаа сүүлийн олон арван жилийн туршид энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогоороо олон улсад манлайлж ирсэн юм. Өнөөдөр ЮНЕСКО дэлхийн хэмжээнд нийт 317 соёлын биет бус өв бүртгэснээс 87 нь дээрх таван оронд ногдож байна. Түүний дотор Монгол улс 11 өвөө бүртгүүлээд байгаа юм.

s

Дашрамд дурдахад, Парис хотноо өнгөрсөн сарын 2-5-нд хуралдсан ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Ерөнхий Ассамблейн тавугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид амжилттай оролцсон юм. Ингэхдээ Монгол Улс тус конвенцийн Засгийн газар хоорондын хорооны соёлын биет бус өвийг бүртгэх шийдвэр гаргагч 24 гишүүний нэгээр сонгогдсон билээ.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин