Гурав дахь үнэн хамгаалалтад оржээ
2014-07-03

Г.Сарангэрэлийг Цагдан хорих 461 дүгээр ангиас хууль бусаар батлан даалтад гаргаж, дарамтлан, бусдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээллийг албадан өгүүлсэн талаар өмгөөлөгчид нь шинэ баримт дэлгэжээ. Тодорхой хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан Сарангэрэл дээр “тодорхой санал” боловсруулан бэлдсэн нэгэн очсон гэнэ. Санал дээр тохиролцсон эсэхийг бүү мэд ямартай ч тэр өдрөө шүүгчийн шийдвэр гарч сэжигтэн Сарангэрэл батлан даалтад гарчээ. Хуулинд заасан хоригдох хугацаа нь энэ сарын 2-нд дуусах байсан ч цагдаагийн ажилтан ирж уулзсан тэр өдөр суллагдах шийд шууд гарсан юм байна. “Ийм тохиолдол ер нь байхгүй шүү” гэж өмгөөлөгч нь онцлон хэлж байна. Тэрбээр өмгөөлж буй хүнийх нь хоригдох эцсийн хугацаа долоодугаар сарын 2-нд дуусах болохыг мэдэгдэж энэ өдөр суллаж өгөх хүсэлтийг шүүгчид хандан тавиад байж. Гэтэл баярламаар бас гайхмаар юм болж 10 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 22-ний өдөр Сарангэрэл “түр” эрх чөлөөгөө олж авчээ. Хэрвээ өмгөөлөгчийнх нь мэдэгдэл үндэслэлтэй бол цагдаагийн талаас ирсэн элч тохироогоо тэр дор нь биелүүлж чаджээ. Энэ өрнөлөөр харах юм бол эргээд Сарангэрэл тохирооныхоо хариуг барих ээлж бас ирж. Энд Ц.Баасандорж өмгөөлөгчийн тухайн өдөр Сарангэрэлийг хорих ангиас очиж авах үед юу болсон тухай яриа анхаарал татаж байгаа юм.

6

Түүний өгүүлж байгаагаар бол Сарангэрэлийг нэгэн буудалд аваачих, тэндээс нь телевизийн ярилцлагад оруулах зохион байгуулалт хийгдсэн байгаа талаар “цаад” хүмүүсээс заавар ирүүлсэн бололтой юм. Үүнээс цааш телевизийн бичлэг ярилцлага яаж явагдсан, ямар сэдвийг топ болгож, юу яригдсаныг өргөн олноороо телевизээр харсан. Овоо ч шуугиан дэгдсэн.

Өмгөөлөгч бол өмгөөлөгч. Хуулиар ч, ёс зүйгээр ч тэд хүнийхээ төлөө эцсээ хүртэл явах ёстой. Бүх боломжоор нотлох баримтад тулгуурлан хүнээ гэм буруугүйг тогтоохын төлөө ажиллах үүрэгтэй.

6

Хууль хэрэглэж хүн өмгөөлдөг улс арай ч ингэж улаан цайм худлаа ярихгүй байх. Гэхдээ тэдний өнөөдөр хийж байгаа энэ мэдэгдэл үнэндээ их оройтсон л харагдаж байгаа юм. Ямар нэг байдлаар хэрэгт нь хөндлөнгөөс нөлөөлж Сарангэрэлийг шахаж тулган Тэмүүжин сайдтай “тэгсэн” гэж хэлүүлсэн юм байж. Гэхдээ нөгөө талд нь үүнийг зохион байгуулсан хүмүүсийн хүсч байсан байж болох үр дагавар аль хэдийнэ бий болсон. Х.Тэмүүжин гэдэг сайдыг жоохон охинтой хувийн харьцаа тогтоож ёс зүйгүй байдал гаргасан байна гэсэн буруутгал, ёс зүйн нэхэл нийгэмд асар хүчтэй яваад эхэлчихсэн байгаа. Энгийн нэг хоёр хүний хоорондын харилцаа ямар байсан тухайд нийгэм шуугиад хэвлэлүүд тойроод тайлбар таамаг бичээд байхгүй. Энд бид нэг зүйлийг буруу хараад байгаа юм. Олон нийт энэ хэрэгт яагаад анхаараад шуугиад талцаад байгаа юм бэ. Цагдаа сайд хоёр, нэг бол Х.Баттулга, Х.Тэмүүжин гэдэг хоёр улстөрчийн цусгүй дайнд хэн нэг нь ялах ялахгүйд нэмэр тус болох гээгүй нь лав. Шар талаас нь харлаа ч Сарангэрэл, Тэмүүжин хоёрын харьцаа хэр дотно байсан, хаана буудалд хонодог байсан гэдэг бол бүр ч сонин биш. Энд төрийн түшээ сайд хүн ёс зүйн алдаа гаргасан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа болохоор л нийгэм даяараа авч хэлэлцэн хоёр хуваагдаад байгаа юм.

6

Төрийн хүнд эрхэм байх ёстой “ёс зүй” алдагдаад байвал төрийн эрүүл саруул сэтгэлгээ алдагдаж, ёс зүйт байдал хямралд орно. Энэ нь нийгэмд асар муу үлгэр болж, буруу жишиг тогтоох суурь болно. Энэ л гогцоо байгаа учраас хэвлэл мэдээлэл, олон нийт Сарангэрэл гэх хүүхнээр өрдөж байгаа хов живийн галын наадмыг анхаарч улс төрийн бохир тоглоом яваад байна уу гэсэн хардлагаа мухарлахыг хүсч байгаа юм. Олон нийтээс төрийн түшээд, албан тушаалтнуудаас  ёс зүйг нэхэх, ерөөсөө ёс зүй гэж юм төрийн түшээдэд байна уу, үгүй юу гэдгийг тэмтэрч хайж байгааг энэхүү “Сарангэрэл-Сайн ах” гэсэн хар зохиолтой драмын цувралд хэрхэн анхаарч бас залхан жигшиж байгаагаас харж болно. Х.Тэмүүжин сайдын сүүлд өгсөн /бас л хожимдсон/ няцаалтаар бол хар зохиолын гол дүрд баймааргүй байна, энэ бол зохион байгуулалттай цаанаа тодорхой эзэнтэй ажиллагаа гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Гэхдээ түүнийг энэ үгээ хэлж байхад олон нийт өнөөх ёс зүйн үнэлэлтээ маш муу гэдгээр нь Х.Тэмүүжин сайд дээр дугуйлчихаад байсан юм. 25 дугаар суваг телевизээр өгсөн өөрийнх нь няцаалт болоод өнөөдрийн өмгөөлөгч нарын Сарангэрэлийг дарамтлан, бусдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээллийг албадан өгүүлсэн талаар хийсэн мэдэгдэл ч Х.Тэмүүжин сайдын сэвтсэн нэр хүндийг шууд цэвэрлэчихэж чадахгүй л байх.

6

Г.Сарангэрэл гэх эмэгтэй нэг хүний талаар хоёр өөр утгатай ярилцлага өгч байсан нь л олон нийтээс Х.Тэмүүжин сайд дээр явуулсан ёс зүйн шалгалтад шууд уначихаас түр аварч тогтоож байсан. Үнэн ганцхан байдаг ч Сарангэрэл гэх хүн хоёр үнэнтэй яваад байсан тул олон нийт гурав дахь үнэнийг хүлээж байсан. Эндээс Х.Тэмүүжин гэдэг улстөрч, төрийн түшээ, сайд үнэхээр хийж байгаа шинэчлэлийнхээ төлөө ийн бохир дайралтад өртөж байна уу, нэг бол үнэхээр нэг хүүхэнтэй орооцолдсон “ёс зүй”-гүй нөхөр үү гэсэн туйлын жинхэнэ үнэнийг харахыг хүсч байсан.

6

Сарангэрэлийн гурав дахь үнэн өмгөөлөгчөөр нь дамжин олонд ил боллоо. Өнөөдрийг хүртэл энэ хүрээнд өрнөж байгаа үйл явц мэдээ мэдэгдлүүдийг харахад Сарангэрэл гэх энэ эмэгтэй хувь заяа “хуулийн гарт биш хүний гарт байна” гэсэн Тэмүүжингийн үг үнэн болж байх шиг байна. Тэр нэг бол Х.Тэмүүжин гэдэг сайдыг өндөр албан тушаал хашиж төрийн сайд хийх ёс зүйгүй хүн болохыг баталж хатуу хувь заяагаа арай зөөллөх нэг бол өргөст торны ард олон жил суух  зам дээр ирсэн бололтой. Тэр өдөр гэнэт суллагдсан Сарангэрэл гэртээ харих ёсгүй зочид буудалд байрлах ёстой байж. Тэгээд хажуу өрөөнд нь хүлээж байсан телевизийн баг шөнө дунд хөдөлж Сарангэрэлийг асуултаар хөтөлсөөр санаснаа хэлүүлж чадсан байна гэсэн зураглал буухаар ярилцлагыг өмгөөлөгч нар нь олон нийтэд дэлгэлээ. Үнэн бол үнэхээр аймаар хэрэг болжээ. Яг кинон дээр гардаг шиг маргааш өглөө нь Сарангэрэл “би юу хийчихвээ, хүн гүтгэчихлээ” гээд уйлаад байсан гэнэ. Одоо “Женко” буюу УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн хамгаалагч Сарангэрэлийг хамгаалж байгаа ба энэ хамгаалалтаас болоод эл хүн гүтгэсэн явдлыг Сарангэрэлээр өөрөөр нь яриулах гэж дуудаад ирүүлж чадаагүй гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байна. Энэ бүхнээс харахад Сарангэрэл хуулийн хамгаалалтаас гарч бусдын хамгаалалтад орчихсон байгаа юм байна. Үүгээрээ Сарангэрэлийг гурав дахь үнэнээ буюу жинхэнэ үнэнийг хэлэхээс нь сэргийлээд байгаа ч байж болох юм. Товчхондоо, энэ хэрэг явдалд Сарангэрэл өмгөөлөгчдийнхөө хяналтаас бараг гарчихсан юм байна гэж ойлгогдлоо.

6

Одоо гол асуудал болсон нөгөө ёс зүйгээ дахиад ярья. Нийгмийн өмнө том хариуцлага үүрч олны итгэлээр гарч ирсэн улстөрчдөд ёс зүй хуулиас ч илүү үйлчлэлтэй байдгийг Х.Тэмүүжинг тойрсон үйл явдлын хүрээнд харагдлаа. Төрийн хүнийг, тодорхой албан тушаалтныг оролдьё гэвэл буудах, зодох, хоосруулах ямар ч хэрэггүй. Зүгээр л ёс зүйгүй этгээд болгоод нийгэмд харуулчихад л хэн ч биш, улс төрд ч орон зайгүй нэгэн болгочихож болохыг Сарангэрэлээр хачирласан Х.Тэмүүжиннийн энэ дуулиан харууллаа. Өмгөөлөгчийнх нь ил болгосон мэдэгдлээр бол удаан хоригдож дарамтад орсон үйлчлүүлэгч нь эрх чөлөөгөө нэг сайдын ёс зүйгээр солих шахалт шаардлага ирсэн юм шиг байна. “Ёс зүй” ямар их үнэд хүрч бас бохир явуулгын гол зангилаа болж болохыг бид хангалттай харлаа.

7

Төгсгөлд ёс зүй гэж тэгээд юу гэж. “Ёс зүй гэдэг нь хүн юу хийх, юунаас татгалзах ёстойг судалдаг ухааны нэр” хэмээн ёс зүйг үндэслэгч гэгддэг Аристотель хэлсэн нь бий. Ёс зүй бол ёс суртахууныг судалдаг ухаан. Ёс суртахуун нь улс төрийн харилцаанд хүмүүнлэг ба хүмүүнлэг бус, эдийн засгийн харилцаанд шударга ба шударга бус, оюун санааны харилцаанд үнэнч ба үнэнч бус чанараар илэрч байдаг. Ёс суртахуун нь хүмүүсийн зайлшгүй баримталж хэрэгжүүлэх зарчим, дагаж мөрдөх зүй зохистой хэм хэмжээ юм. Энэ хэмжээ улс төрийн хүрээнд хамгийн ихээр алдагдсаныг дээр өгүүлсэн хэрэг явдлын тойрог харуулав.

7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene mongoliin tur yana daa yana
2014-07-06