Спикерийн хариулт
2014-07-07

Өнгөрсөн чуулганаар батлан гаргасан хууль тогтоомжуудын тоон дүнгээс илүүтэй баталсан хуулийн чанар өгөөж, мөн өнгөрсөн хугацааны эдийн засгийн тодорхойлолтууд спикерийн үгэнд яаж буухыг олон нийт хүлээж байлаа. Хоёрхон жилийн өмнө нь жилийн эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагт тооцогдож байсан Монголын эдийн засаг өнөөдөр элгээрээ мөлхөж байна. Яагаад вэ?  Энэ асуултад өгөх хариултыг хаврын чуулганы индрээс УИХ-ын дарга З.Энхболд товч хэлж өглөө.

6

 “Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбарын өсөлтөөр дэмжигдсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах гэж оролдсон нь төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэх үндэс болсон байна” гэж спикер дүгнэлээ. УИХ-ын даргын эдийн засгийн хүндрэлийн тухайд өгсөн үнэлэлтийг нэгтгэн харвал манай эдийн засгийн өсөлт нь уул уурхайд дулдуйдсан хөрс муутай өсөлт байсан ба гадаадын хөрөнгө оруулалтдаа бодлогын алдаа гаргангуут эдийн засаг хэвтээд өгсөн гэж хэлжээ. Эндээс эдийн засгийн огцом өсөлтийг бий болгож байсан уул уурхайн хөрөнгө оруулалт нь бараг тэг заачихаад байхад эрх баригчид эдийн засгийн өндөр өсөлтөө хүчээр барьж гайхуулсаар байсан нь өнөөгийн төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэж иргэдийн амьжиргаа огцом хүндрэх замд шуудруулжээ гэж хэлж болохоор байна.

6

Энэ нь ард түмнийхээ чихэн дээр цэцэг ургуулж, хуурамч өсөлтийг хүчээр барих гэж хамаг нөөцөө шавхаж ирсэн төрийн бодлогын алдаа болно. Гэвч эдийн засаг гэдэг өөрөө бодит зүйл тул засал авах зөв бодлого хэрэгжихгүй л бол хямрал гүнзгийрсээр нуух аргагүй болж ирсэн. Хямрал олон салбарт нөлөөлсөөр төсвийн тэнцэл алдагдаж байгаа асуудалтайгаа хагас жилийг давлаа. 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсвийн орлого 222.2 тэрбум, орон нутгийн төсвийн орлого 20.9 тэрбум, Хүний хөгжил сангийн орлого 112.5 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн орлого 57.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээсээ дутуу биелжээ.

6

Төсөв тасалдалтай яваа энэ үед татварыг цаг хугацаанд нь төвлөрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, түүнчлэн урсгал зардлаа танах гэсэн гурван арга замаар нөхөх гарц харагдаж байгааг эдийн засагчид хэлж байлаа.

6

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг Засгийн газар бүхий л аргаар эрэлхийлсээр ирсэн. Үүний үр дүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт бага ч гэлээ өссөн дүнтэй гарсан тухай ч мэдээлэгдсэн. Гэхдээ эдийн засагт хэрэгцээтэй байгаа ам.долларын урсгалын хаана нь ч хүрэхгүй өсөлт. Дангаараа гадаад хөрөнгө оруулалтын 30 хувийг босгодог байсан Оюутолгой хоёр дахь бүтээн байгуулалт дээрээ гацаад удлаа. Татварын тухайд эдийн засгийн хямрал нь өөрөө татвар төлөгч нарыг хямраачихсан байгаа болохоор энэ талаасаа их юм хараад байхааргүй байгаа. Сангийн яамнаас сайн шахсаны хүчинд татварын нийт орлого урьд оны мөн үеийнхээс 17.3 тэрбум төгрөгөөр өсөн дүн гараад байгаа юм. Гэхдээ үүнд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого өссөн нь голлон нөлөөлжээ. Цаашдаа татварын дорвитой реформ хийж татварын баазаа өргөтгөх, жигд татвартай болох, далд эдийн засгийг ил болгох эрх зүйн шинэтгэл хийж, өршөөлийн хуулийг батлан гаргаагүй цагт одоогийн 80-аад мянган ААН-ээ хэчнээн зулгаагаад ч төсөвт тийм их нэмэр болохгүй болсныг эндээс харж болно.

5

Эхний 5 сарын байдлаар төсвийн орлого 400 орчим тэрбумаар тасалдчихаад байгаа үүний  40-50 тэрбумыг нь урсгал зардлыг танах байдлаар зохицуулж байгаа тухай сонсогдсон. Үүний нөгөө талд Хөгжлийн банкны дансан дахь 1 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр хийгдэх санхүүжилтийн асуудал анхаарлын тэмдэгтэй хэвээр намрын чуулганыг чиглэлээ.

 5

ОУВС-д хандаж, хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүссэн ч улсын төсвөөс гадна бондын гэдэг нэрээр эргэлдэж байгаа хөрөнгийг төсөвтөө багтаан тусгах гол шаардлага тавьсан гэдэг. Манайхан үүнд нь дургүйцэж муудсан ч эргээд уулзаж учраа ололцсон гэсэн. Энэ талаар төсвийн гадуур сангийн яамны суган доор Хөгжлийн банк ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвийн гадуур зарцуулчихаад байгааг Спикер онцолсон. Энэ бол сая сөхөгдсөн шинэ сэдэв биш л дээ. Урьд чуулганы нээлт, хаалт дээр УИХ-ын дарга энэ талаар анхааруулж Аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл өгч байсан. Гэлээ ч Хөгжлийн банк төсвөөс гадуур санхүүжилт хийсээр байна. Хийхдээ бас тийм ч цэвэрхэн хийхгүй байгаа талаар ч сураг гарч эхэлсэн. Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтуудаар онц их хэмжээний төлбөр мөнгөний асуудлууд босч ирснийг хэвлэлээр шуугиад амжсан. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар 46.3 тэрбум төгрөгийг Монроуд гэх компанид Засгийн газрыг хуурч мэхлэх замаар өгсөн нь тогтоогдож байгаа гэдэг.

5

Энэ бүхэн бол тусдаа асуудал. Үүгээр Хөгжлийн банкийг бүхэлд нь харлуулах нь туйлширсан хэрэг болно. Гэхдээ орлого бүрдүүлдэггүй нийтийн дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт хийж мөнгө түгжих нь Хөгжлийн банкны зорилго биш гэдгийг олон хүн хэлж байгааг сонсохгүй гэдийгээд байж болохгүй байх.  Хөгжлийн банк Засгийн газрын өмнөөс төсвийн хийх ёстой хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэх нь хэвийн үзэгдэл болж, байж болох хэмжээ хязгаараа даваад байна. Үүний цаана Засгийн газар хонгилын үзүүрт гэрэл асааж хямралаас үүдсэн олны санаа сэтгэлийг засах гэж үзсээр байгаа. Монгол Улсаа тавьчихсан гэж болох  зээл буюу эвгүйтвэл өр болчих гээд байгаа  580 сая ам.доллароор наад зах нь 20 жилийн дараа мөнгө өгөх санхүүжилтийг хавтгайруулан хийгээд байх нь тийм зохистой биш гэж үзэх эдийн засагчид олонх байгаа. Үүнийг төсвөөс бол хийж болох байх. Гэтэл төсвөөс гадуур хөрөнгөөр төсвийн ажлыг санхүүжүүлээд байгаа юм. Хөгжлийн банкны дансан дахь 1 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр Хөгжлийн банкин дахь хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл  төсвийн нийт алдагдал ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байгаа аж.

5

Үүнийгээ намар гэхэд болиорой, төсвийн тодотгол хийнэ шүү гэж хаврын чуулганы хаалт дээр спикер дахин хатуу санууллаа.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
gishuun:
ene beltregiin meddeg ediin zasag gej yu baidag yum. altanhuyagiig muutgaj an-yn darga bolno gesen umhii sanaandaa ajlaa zoriulj bna
2014-07-07
ниргэсэн:
,,,хойно нь хашигарав гэгч болж байна уу
2014-07-07