
2012 оны сонгуулиар АН ялах магадлалтай байна хэмээн гишүүд нь нэлээд сэтгэл өндөр байлаа. Байлаа гэхийн учир нэгдүгээр сарын нэгнээс эхэлж мөрдөх Сонгуулийн шинэ хуулиар энэ найдвар, хэсэгхэн хугацаанд ассан гэрэл унтарсан гэхэд болно.
20 жил ардчиллын төлөө арын эгнээд зүтгэж өөрчлөлт авчирна гэж найдаж явсан энэ намын гишүүд УИХ дахь өөрийн намын бүлгийн 25 гишүүний зөвшилцлийг ойлгоход хэцүү болжээ. Сонгогчид ч ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн зургаан сарын хугацаанд үргэлжилсэн сонгуулийн хуулийн зөвшилцөл үнэндээ парламентын 76 гишүүн зориулсан тусгай хууль болж хувирлаа. Сонгуулийн 48/28 бүхий холимог тогтолцоонд пропорциональ элемент орсон нь ахиц гэлээ ч мажоритари 48 мандатад ялалт байгуулж чадаагүй нэр дэвшигч пропорциональ 28 мандатад намаасаа ялалт байгуулан парламентад орж ирэх тухай заалт орсон юм.
Хэлэлцүүлгийн явцад унасан бөх танхимаа өгөлгүй есөн хөлт цагаан туг тойрсон хэрэг болно. Нэгийн даваанд унасан бөхийг түрүүлсэнд тооцож сонгогчдыг доромжилж болохгүй. Сонгогчдын сонголтын дээр улстөрийн намын шийдвэр байж болохгүй гэж олонтаа шүүмжилсэн ч зөвшилцөл нэрийн дор ажлын хэсгийнхэн хаалгаа түгжиж байгаа гар барилцан энэ тохироог хийж орхисон билээ.
Тэгэхээр нэр дэвшээд унасан ч намынхаа удирдлагын шийдвэрээр сонгогчдын сонголтын дээгүүр гишгих болж байна. Энэ боломжоор одоогийн 76 гишүүн парламентад сонгогдохоос шинээр улс төрийн хүчин, эмэгтэйчүүд орж ирнэ гэсэн найдвар байхгүй болж байгаа аж. Улстөрийн намуудын босгыг 5 хувь, эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгож хошгируулж байгаад араар нь 76-даа давуу эрх олгосон хууль баталж орхилоо.
Нэг үгээр хэлбэл эмэгтэйчүүд үүргээ биелүүлэхээс сонгогдох эрх эдэлж болохгүй, гуравдагч хүчнийхэн гудамжиндаа жагсана уу яана уу дураараа бол гэсэн хариулт өгсөн хэрэг юм. МАН-ын явуулсан намуудын рейтингийн судалгаагаар АН ирэх сонгуульд ялалт байгуулах нь гэдгийг хүмүүс мэдэрсэн.
Энэ намын нөхдүүд ч өөрсдийх нь судалгаа худлаа хэлээгүй гэдгийг харсан. Бүх оноо, боломж АН-ын талд эргэчихээд байхад хоёрдогч хүчин байя. МАН-ын чиргүүлж болж явъя гэсэн тохироо хийсэн нь жирийн иргэдэд ч гайхал төрүүлж байгаа байх.
Өөрөөр хэлбэл энэ үйлдэл нь АН өөртөө итгэдэггүй, засгийн эрхийг барих туршлагагүй гэж өөрсдийгөө хэлсэн үг болж байна.
Б.Ургамал