Зах зээлээс урвах нь
2011-12-19

Брэндийн үнэ цэнэ.  Уул уурхайн хөрөнгө оруулагчдын форумд оролцохоор Улаанбаатарт ирсэн англичууд “Сэнтрал тауэр”-аас LV цүнх, Burberry түрийвч авсан юм. Лондонд түрийвч байдаггүй юм уу? гэж хөтөч монгол залууг асуухад Европыг бодвол  амьжиргааны өртөг багатай улсад шопинг хийхэд үнийн зөрүү их гардаг гэж хариулжээ. Жон яг ийм түрийвч Лондонд авсан бол 180 доллар илүү төлөх байснаа тайлбарлаж байна. Түрийвчнээс НӨАТ, гааль, ашгийн татвар Монголын төсөвт орно, ажил хаялт зарлаад байгаа багш нарын цалинг нэмэх, хөдөө зам тавих, аймгийн төвүүдийг цардмалаар холбох гэх мэт мөнгө энэ мэтээс бүрдэнэ. Аль ч улс орон, өнцөг буланд явсан танил нэр, бичвэр бүхий дэлхийн брэндүүдтэй үргэлж таарна. Зөвхөн Нью-Йорк, Лондон, Берлин, Парис, Токио, Сингапурт ч биш Вьетнам, Аргентин, Мексик, Орос, Африк, Араб, Хятадын томхон аль ч хотод дэлхийн брэндүүд угтана. Улаанбаатар аймгийн төв биш, улсын нийслэл. Том айл учраас утаа, нийтийн тээвэр, замын түгжрэл гээд асуудал бэрхшээл ихтэй ч дэлхийн саяас дээш хүн амтай  хот шиг хотын нэг байхын тулд өдөр бүр өөрчлөгдөж байна. “Оддын брэнд” гэж нэрлэгддэг үнэ ихтэй, өргөн олон нийтэд түгээмэл бус хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна Кока Колагүй, Пепсигүй, Нокиагүй, Тоёотагүй, бас Бээжин нугасгүй, солонгос ресторангүй томоохон хот дэлхийд үлдсэнгүй. Умард Солонгосын Пхенъяныг эс тооцвол шүү дээ. Ертөнцөөс тас тусгаарлагдсан, нүдэн балай чихэн дүлий, ганц, хоёр зочид буудалдаа гадаадынханд зориулж тааруухан кофе аягалдаг байсан социалист хот байсан цаг улирчээ. Хүний хэрэгцээ цөм бүрэн, “ногоон хурганы арьс, нохойн битүү туурай”-наас бусад нь байдаг дэлхийн хотуудын нэг болохыг Улаанбаатар зорьж байна. Монголд LV, Burberry, Emporio&Armany зарж байгаа нь сайн хэрэг. Даяаршлагдаж буй ертөнцөөс тусгаарлагдсан, хөмөрсөн тогоо биш гэдгээ нотлох нь нэр төр ч юм, татвар, эдийн засгийн ашиг ч олно. Гадаадын, дэлхийн брэнд худалдаж, заримыг нь Монголд үйлдвэрлэж байгаа нь үндэсний брэндийн өргөн давалгаа бол хараахан биш. Эхлэл. Брэнд гэж юу вэ? Үнэ ихтэй, чанартай гадаад барааг л брэнд гэдэг үү? Брэнд, барааны тэмдэг гэсэн ойлголтыг хольж хутгах нь элбэг. Барааны тэмдэг гэдэг нь хуулийн, албан ёсны ойлголт. Брэнд гэдэг нь хэрэглэгчийн тархин дахь тусгал, санаа бодолд нь байгаа  бүтээгдэхүүн, үйлчилгээ. Брэндийн тухай ойлголт өргөн. Бараа бүтээгдэхүүний аливаа шинж чанар, хүлээлтийн цуглуулга, нэгдэл, давуу тал, буй болгосон сэтгэгдэл, бүрдүүлсэн хэв шинж. Үүсгэн байгуулагч, санаачлагчийнх нь алдар хүнд ч үүнд хамаатай. IPad-ын эцэг Стив Жобсын дэлхийг өөрчлөх хүсэл, зүрх хөндөж, сэтгэлд үлдсэн үгс, сая сая хүний харамсал дагуулсан үхэл нь брэндийг бүтээж байна. Эртний Египет, Грек, Ром, Хятад, Энэтхэгт гар урлалчид бараагаа хэрхэн юунаас бүтээснээ нотлон харуулж байсан нь брэндингийн түүхийн эхлэл юм. Дундад зууны үед гар урлалчид бараагаа онцгой тэмдэг болгон ялган тодруулах болсон байна. Чулуучин, гуталчин, шар айраг исгэгч, шарз виски нэрэгч, ёрог даавуу нэхэгчдийн барааны тусгай таних тэмдэг нь үнэ цэнэ, нэр алдар, итгэл найдварын бэлэгдэл, илэрхийлэл, мэргэшил төрөлжилт, техник технологи, эдийн засгийн цэцэглэлтийн үндэс суурь болон хөгжих болжээ. Зальцбург, Роттенбург хотод одоо ч урт төмрөн “барааны тэмдэг”-ийг үзэж сонирхож болно. Барааны тэмдгийн эздийн нэр ус ч бий. 1266 онд Англид талхны газар бүтээгдэхүүндээ заавал таних тэмдэгтэй байхыг хуульчилжээ. Нүүдэлчдийн малын им тамга, ахуйн эдлэлийн хийц загвар ч брэндийн шинж байдал, хэлбэрийг агуулна. Цуутай хурдан удмын адуу өсгөн үржүүлж, үүлдэр угсаа буй болгосон Хардал жанжин бэйсийн им тамга бол Галшар брэндийн таних тэмдэг болно. Дарьганга хийцийн эмээл хэний ч харааг булаах бөгөөд мөнгөн баавар мэтээрээ танигдана. Суурин соёл иргэншилд хэн юу хийж бүтээж чадна, түүгээрээ мэргэшин төрөлжин, нэр алдарт хүрч, бараа бүтээгдэхүүний солилцоо, хөдөлмөрийн хуваарилалтанд ордог бол нүүдлийн амьдралын хэв маяг нь юм бүхний зах зухыг чаддаг, өөрөө өөртөө анхан шатны үйлдвэрлэгч байснаараа амиа аргацаасан шинжтэй. Хорьдугаар зууны сүүлийн хагаст брэндинг цэцэглэн хөгжжээ. Техникийн нарийн шинж чанартай зүйлс биднийг тойрон хүрээлж, өдөр бүр учрах болсон. Хэрэглэгч, худалдан авагч бүтээгдэхүүний техникийн нарийн үзүүлэлтийг нь хэмжих лаборатори ажиллуулан, хазаж, үнэртэж, задалж угсарч үзэх, ширхэгчлэн мэдэх боломжгүй болсон билээ. Гар утас авахын тулд программист, машин сонгохдоо автын инженер, жүүс уухдаа биотехнологч болох албагүй бөгөөд боломжгүй. Яг энд л брэнд хэрэглэгчид тусална. Хэрэглэгчид хэрэгтэй, ойлгогдохоор зүйлсийг хэлж өгнө. Брэндийн хоёр дахь даалгавар нь сонголт хийхэд туслахад оршино. Үй олон ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс зөв сонголт хийхэд цаг хэмнэх ёстой. Хоорондоо төстэй нүд эрээлжлэх олон бараа бүрийг хооронд нь яс нарийн харьцуулж байж сонгох цаг, боломж хэрэглэгчид байхгүй. Дэлгүүрт байгаа мянган төрлийн өмд нэг бүрийг өмсөж, даавууг нь имэрч, оёдлыг нь ханзлах боломжгүй. Бараа бүтээгдэхүүн бүрт хүнд ойлгомжтой нэр хаяг бий. Тэр л брэнд шүү дээ. “Хямдхан, шинэ, орчин цагийн залуучуудынх, эрч хүчний бэлгэдэл ” гэх мэт үгс брэндийг тодорхойлно. Бараа, үйлчилгээний уриа-мессеж орчин цагийн цэцэн мэргэн үгсийн толь бичиг болж байна. Монголын хүнс, өргөн хэрэглээний барааны 70 хувь Хятадынх, бусад улс орны импортоор дүүрсэн нь эх орны үйлдвэрлэгчид, үйлчилгээнийхэн брэндийг бүтээх, удирдахад анхаарах цаг болсныг сануулна. Брэндийг буюу түүний шинж чанар, дотно сэтгэгдэл, итгэлийг бүтээж, удирдах замд монголчууд гараад хорин жилийг туулаагүй байна. Дэлхийн брэндүүд Монголд орж ирж, аварга “Катерпиллар”-ыг саяхны тэмээчин жолоодон, шинэ иргэд “Жонсон Бэби”-тэй бүүвэйлэгдэн торниж, Улаанбаатарт үйлдвэрлэгдсэн Тайгер, Кола, Пепсиг залуус шимэнгээ “Премьер лиг” үзэх болсон ч Монголын компани, Монголын бүтээгдэхүүн брэнд болох дөнгөж эхлэлийн шатандаа байна. Амжилттай брэнд үргэлж өндөр чанарыг баталж, хэрэглэгчийн итгэлийг төрүүлж байх ёстой. Сайн реклам байж болно. Гэхдээ өндөр чанаргүй сайн рекламаар брэндийг бүтээдэггүй. Брэнд бол оноосон нэр, үнэ ханш, үүх түүх, өргөн хүн амд төрүүлсэн сэтгэгдэл. Барааны тэмдэг болгон брэнд болдоггүй. Хэрэглэгчийн 20 хувь нь сайн сэтгэгдэлтэй байвал түүнийг брэнд гэнэ. Хүн бүхэн овог нэртэй, удам дээдэстэй, шинж чанартай. Гэхдээ бүх хүн алдаршдаггүйтэй л адил. Бусадтай харьцуулж болох нэр алдартай хүн байдагтай яг ижил. Кока Кола зөвхөн гоё амттай ундаа биш. Амьдралын хэв маяг, хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй нь шууд холбогдоно. Жишээ нь хүнсний дэлгүүрийн лангуун дээр олон төрлийн иогурт, майнез өрөөстэй байдаг. Тэр дундаас гэдэс гүйлгэхгүй, хордлого тусгахгүй, алийг нь найдвартай гэж мэддэг, түүнийгээ л авна. Тэгж яривал сайн брэнд байх тусмаа бага рекламтай. Хүчтэй брэнд өөрийгөө цуу үг, сөрөг мэдээнээс хамгаалах бэхжсэн нэр хүнд, татсан итгэлтэй. Илүү алдартай брэндийг илүү үнэд хүргэж болдог нь хууль. Том ноёноос үе дамжиж ирсэн нь нотлогдсон, хийц, хэмжээ, овор нүнжиг нь ч үүнийгээ батлах хөөрөг хэдэн зуун саяын үнэ хүрдэг. Америкийн “Харлей” мотоцикл яг үнэндээ техник үзүүлэлт, яс чанарын хувьд японыхыг гүйцэхгүй. Гэхдээ Харлей хоёр дахин үнэтэй. Чанар, техник үзүүлэлт энд сонин биш. Амьдралын хэв маяг, донж стиль нь “Харлей”-н давуу тал. Шүхэр-брэнд ч гэж нэрлэдэг. Үнэ хямдрал ч хэрэггүй, эдийн засгийн хямралын үед борлуулалт нь зогсдоггүй брэндүүд. Оддын брэнд бүгдэд хэрэгггүй. Түүний хэрэглэх шаардлагагүй хүмүүс авах юмсан ч гэж гутрахгүй. Харин ийм брэндээр өөрийгөө илэрхийлэх амжилтанд хүрэх хөшүүрэг болно. Өндөр үнэтийн бараанд үнэ хямдрал, гурвыг авбал нэг үнэгүй гэх мэт нь биш шал өөр стратеги үйлчилнэ. Зах зээлд улам гүн гүнзгий суулгах, үнэ өртгөө хямдруулж биш өсгөх тэргүүлэх гэх мэт менежмент үйлчилнэ. Харин бараа нь хямдхан учраас зарагддаг үйлдвэрлэгчдийнх тусдаа. Брэнд их хөрөнгө оруулалт шаардана. Брэндийг нь бүрдүүлэн буй болгоогүй барааны үнэ өсөх тусам өрсөлдөөнд улам бүр ялагдах нь эсрэгээрээ зүйл. Орчин үед нэг брэнд бүртээж зах зээлд байршуулахад 20-50 сая долларын хөрөнгө ордог байна. Харин манайд ялангуяа дотоодын брэнд бүтээхэд нэг сая доллараас дээш гарахгүй. Ийм ч учраас үндэстэн дамнасан корпорац, гадаадын фирмэд дотоод зах зээлдээ ялагдаж байна. Жишээ нь үндэсний, эх оронч үзэл дээр тулгуурлан монгол брэндийг бүтээж болно. Гэвч урт хугацаанд, алс хэтдээ өрсөлдөөний давуу тал биш. Яагаад гэвэл хэв загвар, элдэв моод улирлаар, цагаар өөрчлөгдөж байна, дэлхий хавтгайрч, глобалчлагдан өчигдөр Парист гарсан моод өнөөдөр Азид дэгдэх жишээтэй. Хэрэглэгчийн амьдралын хэв маягтай холбогдох хэрэгтэй. Шинэ санаа бага байна. Үндэсний үзэл, эх оронч хандлагад тулж түшсэн стратеги хэрэглэгчдийн нэг хэсгийг татдаг ч орчин үеийн хэв маяг бүхий бүлэг, залуусыг алдах жишээтэй. Эх орны үйлдвэрлэлээ дэмжих сэтгэл хандлага хэрэглэгчдэд байдаг ч бараа бүтээгдэхүүний төрлөөсөө шалтгаалан заримдаа “хоцрогдсон, бүдүүн хадуун” гэсэн сөрөг талтайг анхаарах шаардлага тулгардаг. Харин үйлдвэрлэлийн зорилго нь өргөн хүн ам, бүр их зах зээл эзлэхэд оршино. АПУ, Атар-Өргөө, Махимпекс, MCS, Петровис, Эрдэнэт хивс, Алтантариа, Спиртбалбурам, МонФрэш, Витафит, Худалдаа хөгжил, Могул, Хадгаламж бүгд үндэсний брэнд. Хэрэглэгчийн итгэл, үүх түүх, туршлага, технологи гэх мэт үнэ цэнийн төлөө менежмент хийн, баялгийг бүтээж байна. Брэндийг нутагшуулагчид, шинээр бүтээгсэд нэр хүндийг нь сэвтээх зүйтэй хутгалддаггүй. Түүнээс хол байдаг. Өчнөөн олон жилийн хөдөлмөр, сая саяын хөрөнгө оруулалт хийчихээд нэг бүрхэг өдөр тэр бүхнээ салхинд хийсгэдэггүй. Тэр тусмаа авлига гэх мэт нь брэндийг муухай болгоно. Амиа хорлосонтой адил юм. Олон улсын стандарт, шаардлага нь илүү цэвэр тунгалаг. Итгэл алдвал дуусаа. Бултах газар үгүй энэ их хариуцлага дунд брэндийг бүтээнэ. Бойжуулна, өсгөн эрийн цээнд хүргэнэ. Монголчууд өөрсдийн итгэл хүлээсэн, үнэ цэнэтэй брэнд нэрийг улам олон салбар төрөлд бүтээн, зах зээлдээ том тоглогчид болж торних шаардлага хүлээгдсээр байгаа юм. Хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр баахан үйлдвэр, цех барьснаар ажил дуусахгүй, дөнгөж эхэлнэ. Зах зээлд өрсөлдөх, байр сууриа эзлэх, нэр алдрыг нь түгээх брэндинггүйгээр эсгий цех, гэрийн модон эдлэлийн үйлдвэр өргөжин хөгжихгүй. Өвөрхангайн Уянгын гэр гэсэн танил болсон давуу талыг үнэ цэнэтэй брэнд, үйлдвэрлэл болгох бүхэл бүтэн процесс хэрэгтэй гэсэн үг. Булганы Могодын айраг хэмээх ард түмний дэмжлэгийг чулуу болгох менежмент дутсаар, зам дагуух гэрүүдэд Данбаоли исгэгч хольсон бүхнээ энэ нэрийн дор хулхидан зарж сэвтүүлсээр байгаагийн эсрэг менежмент, брэндингийн арга зам хангалттай бий. Брэнд бүтээх эхлэл дөнгөж тавигдаж байхад, хөгжлийнхөө эхний шатыг туулах энэ цаг үед түүний эсрэг цаанаа улс төрийн зорилготой хар пиар түгээгдэж байгаа нь дөнгөж өндийж байгаа чөлөөт үйлдвэрлэл, чөлөөт худалдааг багалзуурдах, нийтийн эдийн засгийн эрх чөлөөний эсрэг кампани юм. Өөдөө шидсэн чулуу өөрсдийн толгой дээр унана. Брэнд бүтээхийн эсрэг улс төрийн ов мэх нэг бүтээгдэхүүнийг хорлох биш нийт хувийн хэвшил, хэрэглээний соёл, чөлөөт өрсөлдөөнд тавьсан урхи хавх. Нэг сонгуулийн ухуулгын үеэр өөрийнхөө зарчмаар урагшилж байсан салбар, үнэт зүйлсээ хорлож орхидог. Монгол гэсэн, Монголын гадаад имижийг ч өөрчлөх хүчин чармайлт дутаж байна. Монголын тухайд үндсэндээ “Чингис хаан, говь, морь, уул уурхай” гэсэн түлхүүр үг л дэлхий дахинд цацагддаг. Дөрвөн гол үг нь ч өрөөсгөл буруу, өнгөц нимгэн ойлголт өгнө. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрөө продюссерээр нь зарлагдаж байгаад түүхэн кино бүтээлгэж, манай жүжигчид Ойрадыг бутцохисон гэх зохиолд нь дүр бүтээгээд ирсэн. Бусдыг буруутгахын оронд өөрсдийнхөө давуу тал, онцлог, давтагдашгүй чанар, бас орчин үетэй хөл нийлэхээр зүтгэж байгаа, улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хос морьтой, өөр олон олон үнэт зүйлсээ нотлон харуулж, брэндээ бүтээсэн цагт Монгол хөгжинө. Эхлэл суурь нь тавигдаж байгаа, гараандаа гарч алхаж байгаа, чамлахаар чанга атгах сайн зүйлсээ өөрсдөө устгачихгүй л бол...

Д.Болортоль

               
Shuud.mn
Сонин хачин
Маш ухаалаг нийтлэл байна. Элдэв хов ярьж, нэгийгээ муулаад Монгол урагшлахгуй, харин мэт мэдлэг, сэтгэлгээний нийтлэл хэрэгтэй байна. Баярлалаа, Та нарт амжилт хусье
2011-12-19