Цэцэрлэгийн ажилчид халдвар тараасан байж болзошгүй
Өмнөговь аймгийн Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлого авсан тухай өмнө нь мэдээлж байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн ба шинжилгээний хариу гарчээ.
а
Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн урд салбарын хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисыг шинжилсэн байна. “Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарлаа. 40 арчдасны 26-аас, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрлээ” гэж мэдээлэв. Мөн цэцэрлэгт ариутгал хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь ариутгалыг дутуу хийсэн гэсэн үг.
х
Түүнчлэн цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний нян илэрсэн байна. Тэгэхээр ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлалтай аж. Мөн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орж, “эрүүл” гэсэн оноштой гарсан ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байж болзошгүй гэнэ.
х
Иймээс Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэлжээ. Ханбогд сумын хөрс, ундны усанд МХЕГ-ын төв лабораторид шинжилж байгаа юм.
х
Цаашид аймаг, нийслэл, сумдын Засаг дарга, түүний харьяа боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хадгалалт зэрэгт онцгой анхаарч, дотоод хяналтаа сайжруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ