Тарваган тахлын хөл хориог нөгөөдөр цуцална
2014-09-15

Энэ сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд бүртгэгдсэн тарваган тахлын талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг хуралд  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга  Д.Нарангэрэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал  М.Нямсүрэн нар оролцов.

a

2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 настай, эрэгтэй өвчтөн “М” нь тарваганы түүхий давсаг залгиснаас болж халдвар авчээ.  Түүнчлэн аав нь тарваганы хүн мах, ээж нь цөсийг нь түүхийгээр залгиж, махаар нь боодог хийж идсэн байна.  Маргааш өдөр нь хүү халуурч, хоолой өвдсөнөөр эрүүл мэндийн байгууллагад хандсан аж.

a

Энэ сарын 09-ний өдрийн 16 цаг 45 минутад  Өвөрхангай аймгийн Сант сумаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсныг мэдээлсний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргжлийн баг газар дээр нь ажиллаж эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний үр дүнд тулгуурлан тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг энэ сарын 13-ны өдөр эцэслэн баталгаажуулсан байна. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа юм байна.

a

Сумын Засаг даргын захирамжаар сумын төвд  энэ сарын 10-ны өдөр хөл хорио тогтоож, 1-р хавьталд орсон 62 хүнийг тогтоож, иж бүрэн үзлэг хийн, тусгаарлан, сэргийлэх эмчилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар эдгээр хүнээс тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна. Хөл хорионы эцсийн хугацаа энэ сарын 16-ны өдөр дуусах юм.

a

Уг нь тус сум тарваган тахлын голомтот бүс нутагт хамаардаггүй  байжээ. Тарвага агнахыг хуулиар хорьсон боловч иргэд хориотой ан хийж,   амьтны махыг боловсруулалгүй хэрэглэснээс болоод халдварт өвчний эрсдэл учруулсан болчимгүй үйлдэл гаргасан. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар халдварын голомтыг хяналтад авах, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авахад улсаас нийт 56.7 сая төгрөгийг зарцуулаад байгааг ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн хэллээ.

a

Цаашид иргэд, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, санамжийг биелүүлж, аливаа эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо сэргийлж, тарвага агнахыг хуулиар хориглосон нөхцөлд хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдаж авахгүй байхыг санууллаа.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
засаг нь тусгаарлагдсан байгаа гэсэн виз дээ яаж захирамж гаргасан юм ве
2014-09-15