Намууд тохиролцоонд хүрээгүй байна
2014-10-13

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барих төлөвтэй байгаа ч цаг нь хараахан тодорхойгүй байна. Тэрбээр өнөөдөр УИХ дахь намын бүлгийнхээ хуралдаанд оролцож, шинэ бүрэлдэхүүнийхээ талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ УИХ-аар бүрэлдэхүүнээ хэлэлцүүлэхэд дэмжигдэх магадлалтай, салбараа мэддэг хүнийг дэвшүүлэх “үүрэг” авсан байна.  УИХ дахь АН-ын бүлэг  Засгийн газар  шинэ бүрэлдэхүүнээр ажиллахад мөрийн хөтөлбөрийн дэвшүүлсэн бодлого, зорилт алдагдуулахгүй байхыг анхааруулсан аж. АН-ын бүлгийн хуралдаан дууссан хэдий ч Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн бариагүй байгаа нь АН-ынхан Засгийн газрын бүрэлдэхүүн дээр санал зөрөлдөөнтэй, улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүй байна гэсэн мессэж ордноор тарахад хүргэв.

7

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан ч дуусаагүй байна. Тус бүлгийн хуралдаанд Шинэчлэлийн хорооныхон оролцож мэдээлэл хийж байгаа юм. Тэд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар бүлгийн хуралдаанд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна гэсэн мэдээлэл байна.

7

МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн пүрэв гаригийн орой БНСУ-аас эх орондоо ирсэн. Тэрбээр ирэнгүүтээ маргааш өглөө нь УИХ дахь МАХН-ын гишүүдтэйгээ Төрийн ордонд уулзсан. Тэрбээр ямар нэг улс төрийн  зорилготой бус гишүүдийнхээ амар мэндийг нь мэдэхээр ирсэн гэдгээ хэвлэл мэдээллийнхэнд дуулгаж, удахгүй орон нутгийг зорьж, айраг цагаа бараадан, цэвэр агаарт бие эмчлэх зорилготойгоо тодотгож байлаа. Гэхдээ тэрбээр хараахан хөдөө орон нутгийн зориогүй байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өргөн барихаар  хэлэлцэж буй энэ өдөр ч МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд ирж, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэй уулзалт хийсээр явна. Тус эвслийн бүлэг Засгийн газарт дөрвөн квоттой. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээр квотоо хадгалж үлдэнэ гэж байгаа ч бүтцийн өөрчлөлтэй холбоотойгоор сайд нарт сэлгээ хийгдэхээр байгаа. Учир нь Сангийн яам, ЭЗХЯ-ыг нэгтгээд Сангийн яам, Уул уурхай яам,  Эрчим хүчний яамыг нэгтгэж Геологи, уул уурхай эрчим хүчний яам болгосон. Нэгтгэсэн яамны хоёр нь Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлгийн  квот байсан билээ. Засгийн газрын шинэ бүтцээр АН-ынхан тус эвсэлтэй дахин тохироо хийж, яамдын шинэ хуваарилалт явагдах биз. Дээр нь “Шударга ёс” эвсэл дэх улс төрийн намын дарга нараас эхлээд Засгийн газрын гадна “гудамжинд лааз өшиглөж яваа” эрхмүүд бий. Тэд ч бас Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй зэрэгцээд дан, давхар дээл өмсөж шинэ сайдаар томилогдох хүсэлтэй нь нууц биш.

Хэдийгээр Төрийн ордонд ажин түжин байгаа ч Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудал улс төрийн хүчнүүдийн хооронд ширүүхэн хэлэлцэгдэж, толхилцсон чимээгүй улс төржилт үргэлжилж буйг ажиглагчид ярьж байна.

7

Ийнхүү Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барьж, шуурхай хэлэлцэн батлуулсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, танхимдаа салхи оруулж, бүрэлдэхүүнээ томилохоор  өөрийн хийгээд өрөөлийн намын гишүүдтэй тохиролцоо хийсээр явна.

7

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
засгийг эмхлүүлж тэртээ тэргүй чадахгүй юм чинь ажлаа өгөөч дээ маанаг алтанхуяг минь.
2014-10-13