Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил 80 хувьтай байна
2014-10-13

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат нар өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын явцтай танилцсан байна.

Төв аймгийн Баянчандмань сум орчимд хийж буй замын засварыг  “Баянчандмань АЗЗА” ТӨХК наймдугаар сарын 25-нд хариуцаж эхэлсэн бөгөөд  уг замыг  авахдаа аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Одоогоор засварын явц 51.5 хувьтай байна. Дараа нь Хустайн давааны зам засвартай танилцсан бөгөөд энэ хэсгийн зам 80 хувийн гүйцэтгэлтэй ба “Дархан АЗЗА” ТӨХК хариуцаж, туслан гүйцэтгэгч гурван компанийн хамтран ажиллаж байгаа аж.

a

Зам засварын ажлыг нийтдээ зургаан компани гүйцэтгэж байгаа аж. Үүнээс хоёр нь ерөнхий гүйцэтгэгч гэнэ. Ерөнхий гүйцэтгэгч “Баянчандмань АЗЗА”, “Дархан АЗЗА” ТӨХК нийтдээ 7.3 км зам тавьсан байна. Дахин онц эвдрэлтэй 12 км зам засварлах 17.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдэж өгсний дагуу Зам, тээврийн яам, ерөнхий гүйцэтгэгч компаниуд, Монгол Улсын Хөгжлийн банк хамтран гурвалсан гэрээ байгуулснаар уг ажил эхлэх ёстой. Гэтэл Хөгжлийн банк гэрээ хийгээгүй аж. Хөгжлийн банк Зам, тээврийн яаманд зам засахад шаардлагатай хөрөнгийг гаргаж өгөх ёстой ч хөрөнгө мөнгө, материалаа хувиасаа гаргаад ч хамаагүй ажлаа урагшлуулахыг ЗТЯ гүйцэтгэгч компаниудаас шаардсан аж. Иймд компаниудын эзэд байгаа боломжоо дайчлан, зээл авч засварын ажлаа хийсээр өдий хүрсэн ч арга мухардаж, ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй болсон гэнэ.

a

“Дархан АЗЗА” ТӨХК 2.2 км замаа засаж дууссан тул ЗТЯ-д хүлээлгэж өгөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Зам засварын ажил гүйцэтгэхэд санхүүгийн бэрхшээлээс гадна иргэд, зорчигчдын гомдол тасрахгүй, шавар балчигт машин нь суухаас өгсүүлээд асуудал их гарч байгаа аж. Тоос шороо ихтэй учраас шороон замыг өдөрт 20 тоннын багтаамжтай усны машинаар таван удаа усалдаг гэнэ. Мөн хойд хөршөөс ирдэг хүнд даацын машинууд болон зорчигч тээврийн автобусууд шаварт суусан тохиолдолд машин, техникээрээ татаж гаргадаг аж. Манай улсын хамгийн хөдөлгөөн ихтэй замын нэг нь энэ учраас осол гарах нь олширсон байна.

a

Одоогийн байдлаар Улаанбаатар Дархан чиглэлийн замын засварын ажил нийтдээ 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба  хүйтрэхээс өмнө засвараа дуусгахад богино хугацаа үлджээ. Хөгжлийн банкнаас шаардлагатай мөнгийг нь шийдвэрлэж өгөхгүй бол энэ жил  зам засварын ажил зогсож ирэх хавраас дахин засварлах шаардлагатай болох ажээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
бибид:
хєгжлийн банкныхаан нєгєє бондныхоо мєнгєнєєс єг
2014-10-13